Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр ХЭН, ЮУ хэлэв
АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнгөрсөн долоо хоногт манай улсад болж өндөрлөлөө. Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ жилийн уулзалтын бас нэг онцлог бол АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхцаж байгаа юм. Зөвхөн АСЕМ-ийн 11 дэх уулзалт төдийгүй 20 жилийн ойн уулзалт болно. Хорин жил гэдэг бол бид арав арван жилээр ажлаа дүгнэдэг хүмүүс. АСЕМ-ийн 10 жилийн ойн үеэр маш чухал, ирээдүйгээ харсан баримт бичиг гарч байсан Одоо энэ 20 жилийн ойн үеэр мөн чухал зорилтууд гарна. Бид нар 20 жилд юу хийснээ дүгнэж ярилцана. Цаашдаа энэ хоёр тив, дэлхий нийтийн өмнө юу тулгамдаж байгааг ярилцана. Хэтийн төлвөө тодорхойлно. Ийм учраас Монголд болж байгаа уулзалт бол их чухал уулзалт юм гэж харж байгаа.
Монголын төр засаг, ард түмэн АСЕМ-ийн Улаанбаатарт болж байгаа уулзалтыг 100 жилд нэг олдох боломж гэж үзэж байгаа. Яагаад гэвэл АСЕМ-ийн гишүүн орнуудыг тойроод энэ уулзалт 2 жил тутамд нэг удаа хийгддэг. Энд 53 гишүүн байгаа. Ингэж үзэх юм бол Улаанбаатарт магадгүй 100-гаад жилийн дараа АСЕМ-ийн уулзалт дахиад болох байх. Ийм учраас 100 жилд болж байгаа ийм чухал уулзалт гэж үзэж манай төр, засаг, ард иргэдийн зүгээс их ач холбогдол өгч оролцож байгаа.
https://www.parliament.mn/news/open/categories/30/pages/29216
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан. Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ. Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог. http://www.ikon.mn/n/pyu
Европын парламентын дэд Ерөнхийлөгч Ришард Царнечки /Ryszard Сzarnecki/: Ази, Европын орнуудын яриа хэлэлцээрийн энэ талбар нь хоёр тивийн хамтын ажиллагааны хувьд маш чухал. Бид нийтлэг ашиг сонирхлоо, ялангуяа шинээр гарч ирж буй нөхцөл байдлын хүрээнд харилцан хамгаалах хүрээнд яриа хэлэлцээр өрнүүлэх маш чухал бүтэц гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг цааш нь хэрхэн улам сайжруулж болох вэ гэдэг нь их чухал асуудал. Ази, Европын дээд түвшний уулзалт нь 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Тиймээс зөвхөн дээд түвшний чуулганаар бус чуулга уулзалтын хоорондох хугацаанд байнгын харилцан бие, биенээсээ суралцах, яриа хэлэлцээр өрнүүлэх, хамтын үйл ажиллагааг ойртуулж дөхүүлэх ямар механизм байж болох вэ гэдэг асуудлаар Европын парламентын зүгээс саналаа оруулсан. Тодруулбал удирдах хороо эсвэл байнгын хороо гэх мэт ямар нэг институцийн түвшний бүтцээр байнгын үргэлжилсэн ажиллагааг бий болгох хэрэгтэй гэж үзсэн.
https://www.dorgio.mn/post/47671
ОХУ-ын Төрийн Думын гишүүн Александр Тарнавски: Ази, Европ тив өөр, үнэт зүйл ялгаатай ч бидний байр суурь нэгдмэл гэдгийг хэлмээр байна. Парламентчдын нэг гол зарчим бол уулзах, ярилцлах, байр сууриа ойртуулах юм. Ингэж байж бие биенээ бүрэн ойлгоно. Өнөөдрийн уулзалтад оролцож буй боломжийг ашиглаад бид Монголын парламентын гишүүдтэй, тэр дундаа УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгэмийн гишүүдтэй уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцааны талаар ярилцсан. Бидний ирээдүй өөдрөг гэгээтэй байна гэж үзсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улс АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг хүлээсний хувьд энэхүү уулзалтад голлох чиг үүрэгтэй оролцлоо. Монгол Улс нь Ази, Европын төв цэгт оршдгийн хувьд эдийн засаг, улс төрийн хувь маш ач холбогдолтой. Тэр дундаа тайван замаар аливаа асуудлыг шийддэг ардчилсан улсын хувьд Ази, Европт үүсдэг тодорхой үл ойлголцлыг шийдвэрлэхэд ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ уулзалтаар үүнд ач холбогдол өгч байгаа.
Аливаа улс орнуудын хувьд парламентын нөхөрлөл хамгийн чухал байр суурь эзэлдэг. Тиймээс парламент хоорондын нөхөрлөлийг идэвхжүүлж харилцан туршлага солилцож байх нь чухал. https://www.dorgio.mn/post/47671