Үндсэн хуулийн цэц өнөөдөр сонгуулийн хуулиар хуралдана
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтаар гаргасан иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн цэц өнөөдөр 09.30 цагаас эхлэн хэлэлцэж байна.
Иргэд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүссэн юм. Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн авч ийнхүү маргааныг хянан шийдвэрлэх болсон юм.
Энэ асуудлаар УИХ-аас Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Хэрвээ иргэдийн гомдлыг хүлээн авч Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ирэх зургадугаар сарын 29-нд товлогдсон УИХ-ын ээлжит сонгууль ямар системээр явагдах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэхээр болчихоод байгаа юм.