Газрын тосны үйлдвэр барих төсөлд дөрвөн консорциум хүсэлтээ ирүүлжээ
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож аж үйлдвэрийн салбарт хийж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцууллаа.
Төмс хүнсний ногоо болон нийт 28 бараа бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийлээ
Өнгөрсөн оны долоодугаар сард анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 74 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон болно.
ЗГ-ын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг 5 нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн.
Үр дүнд:
Цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
Зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан үзүүлэлттэй байна.
Дээрх эерэг үзүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлээс хамаарч гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн. Тиймээс импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд хийж, гадаадын ижил төрлийн импортын бараанаас дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхамыг хийсэн болохоо тэрбээр мэдээллээ. Үүнд: 20 хүртэлх хувийн татварыг төмс хүнсний ногоонд тогтоохоор болсон байна. Үүнээс гадна монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгаалалын хувцас гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн талаараа мэдээллээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дараа нь Хүнд үйлдвэр суурь аж үйлдвэрийн талаар мэдээллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаанд дөрвөн консорциум хүсэлтээ ирүүлжээ
Хүнд үйлдвэр хөгжүүлэх чиглэлийн ажлууд урагшилж байгаа гэдгийг онцлоод Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоол гарч, байршлыг тогтоосон. Үүний дараа газрын тос боловсруулах үйлдвэр барих компаниудын уралдаант шалгаруулалтыг зарлаж, материал хүлээж авсан.
Үндэсний консерциум оролцсон дөрвөн компани шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж, шалгаруулалтад ороод ажилдаа ороход бэлэн болсон байна. ЗГ-ын 2016 оны 75 дугаар тогтоолын дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, 4 консорциумаас уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Үүнд:
Монгол-Канадын хамтарсан консорциум
СРР-МАХ консорциум (Монгол-Хятадын хамтарсан)
Монгол-Хятадын хамтарсан консорциум
Ай Эс Эн /ISN/ (Монгол-Английн хамтарсан консорциум) аж.
Үүнээс харахад газрын тос боловсруулах үйлдвэр барихад Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан үйлдвэрийг барихад сонирхол өндөр байгаа нь ажиглагдаж байгаа гэдгээ салбарын сайд хэлж байсан юм. Харин тус үйлдвэрийг барихтай холбоотой дараагийн ажил Нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Зохион байгуулалтын бэлтгэл ажил дуусахаар ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах ажил эхлэхэд бэлэн болсон байна. Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ -г бэлдэх ажил явагдаж байна. Цэвэршүүлэх үйлдвэрээс дагалдан гарах бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах, нэмэлт дагалдах үйлдвэрүүдийг байгуулж болох зэрэг асуудлуудад нарийвчилсан судалгаа шаардагдаж байна. Энэ судалгаа дуусахаар Зэс хайлуулах үйлдвэрийг барих тендер зарлагдана. Ган хайлах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх компаниуд шалгарч дууссан. Байгаль орчин нийгмийн нөлөөллийг хийх зөвлөх компаний сонгон шалгаруулалт хийж дууссан. Төмөртэй-Хандгайтын шинэ төмөр зам барих ажлыг дуусгаснаар ган хайлах үйлдвэрийн суурь дэд бүтцийн ажил дууссан.
Төлөвлөж байгаагаар зургаадугаар сарын сүүлээр Дарханы ган хайлах үйлдвэрийн суурь ажлыг эхэлнэ.
50 тэрбум төгрөгийг сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгоно
Мөн Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын зээлийн схемд шилжүүлэх талаар мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор тус сангийн зээлийн журмыг өөрчилсөн.
Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваариласан. 50 тэрбум төгрөгийг бүх сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгохоор журмандаа тусгасан. Өөрөөр хэлбэл сумын иргэн өрхийн бичил бизнес, үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа бол тухайн орон нутагтаа мэдүүлээд зээлийг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Аймгийн сонгон шалгаруулалтын дэд хороонд эрх нь шилжсэн гэдгийг хэллээ.
Хийгдэх гэж буй ажлын талаар мөн дурдлаа. Аж үйлдвэрийн яам Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Сангийн яам, Монголбанк, ЗГХЭГ-тэй хамтарч Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон. Уул уурхайн бус боловсруулах үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын санг байгуулахаар ажиллаж байна. Нийт экспортын 90 хувь нь эрдэс түүхий эд бүтээгдэхүүн, уул уурхайн баялаг үлдсэн нь боловсруулах үйлдвэр байгаа тэгш бус харьцааг зохицуулахын тулд хөрөнгө оруулалтын сангаар шийдвэрлэх болно.
Үүнээс гадна Аж үйлдвэрин сайдын эрхэлсэн ажлын хүрээнд концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа эрчим хүчний хоёр төсөл байгаа аж. Багануурын 700 МгВ цахилгаан станцын ажил гурван жилийн хугацаанд баригдаж дуусах юм байна. Харин Эгийн голын төсөл дэд бүтцийн төсөл нь концессийн гэрээгээр хийгдэх хэлэлцээрийн төвшинд явж байгаа тухайгаа хэллээ.