Хөгжлийн урт хугацааны баримт бичгийг Засгийн газарт хүлээлгэж өглөө

2016 оны 4 сарын 11

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг ёслолын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр “Үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэсэн зарчим юм. Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох ёстой.  

Энэхүү баримт бичгийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр Монгол Улс жигд, тогтвортой хөгжих, хүртээмжтэй өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ” гэв. Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар мэдээлэл хийсэн юм.

Б.Гарамгайбаатар “Өнөөдөр чухал үйл явдал болж байна. Монгол Улс бодлого төлөвлөлтийн хуультай боллоо. Хуулийн дагуу урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргалаа. Энэ бодлогын баримт бичгийг гаргахад УИХ-д суудал бүхий бүх намын төлөөлөл идэвхитэй ажилласан. Энэ баримт бичгийг Сонгуулийн хуулинд оруулсан байгаа. Тиймээс цаашид хөгжлийн урт хугацааны баримт бичиг бол амьдралд нийцсэн баримт бичиг болсон” гэв.

С.Бямбацогт “Дөрвөн жилийн хугацаанд нам, эвслийн бүлгүүд нэгдэж, нэг шийдвэрт хүрч батласан хууль тогтоомж цөөхөн. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 энэ баримт бичиг дээр улс төрийн намууд, бүлгүүд нэг санаагаар нэгдсэн зорилго дор батласан. Харин үүнийг туушдаа хэрэгжүүлэх тал дээр засаглалаа тогтвортой болгох, төрийн байгууллага, хувийн хэвшлүүд нэгдэж ажиллах ёстой. 2030 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6,6 хувь байхад нэг хүнд ногдох ДНБ 17500 доллар байхаар тооцсон байгаа” гэв.

Н.Батцэрэг “Монгол Улс ойрын 15 жилийн хөгжлийг хараад, батлаад Засгийн газартаа хүлээлгэж өглөө. Одоо хэрэгжүүлэх үлдлээ. Энэ баримт бичиг бол нийгэм эдийн засгаа төлөвлөх чиглэл рүү маш том шинэчлэл хийлээ. Мөн хүн төрлөхтөний глобал хүрээнд учраад байгаа том сорилтуудыг манай улс хэрхэн давж гарах вэ, цаг уурын системд дасан зохицох, эко системийг хадгалах, хүрээлэн байгаль орчинд ээлтэйгээр хөгжих зэрэг асуудлууд бие даасан бүлэг болж суусан байгаа. Энэ хөгжлийн үзэл баримтлал Монголын улс төрийн соёлыг өөрчлөх байх” гэлээ.

ИЗЗН-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ баримт бичгийг Засгийн газарт хүлээлгээд өгчихлөө. Засгийн газар хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг цуглуулаад нээлт хийх ёстой. Энэ бол цагийн аясаар батлагддаг бичиг баримт юм биш. Монголчууд анх удаа зөвшилцөж, улс төрийн соёлоо харуулж батласан. Одоо хийж, хэрэгжүүлэх л үлдэж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31434
0 эможи
keyboard_arrow_up