Л.Болд: Залуусын гарч ирэх замыг бид нээж өгөх ёстой
УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлжээ.
Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: -Бид жендрийн тэгш эрхтэй холбогдуулан, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйс 30 хувь байхаар тогтоосон. Энэ бол Монголын ардчиллын том ололт.
Үүний зэрэгцээ өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлын нэг бол залуучуудын оролцоо юм. Залуучуудын квотыг 20 хувиар тогтоож, энэ сонгуулиас эхлээд хэрэгжүүлэх бололцоо байна. Ингэснээр Монгол Улс дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж чадна. Хоёр долоо хоногийн өмнө Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Монгол Улс бол залуучуудын орон. Манай хүн амын 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувь нь залуучууд байдаг. Гэтэл өнөөдөр парламентад залуусын төлөөлөлгүй 30-аад улсын нэг нь Монгол болж байна.
Бид үүнийг өөрчлөх ёстой. Дэлхий нийтэд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийг залуужуулах, цэвэрлэх, шинэчлэх том үйл явцыг залуучуудынхаа оролцоотойгоор хийх ёстой. Үүний цаана Үндсэн хуулийг өөрчлөх асуудал байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн 16 настайдаа иргэний үнэмлэхээ авч бүрэн эрхээ эдэлж эхэлдэг. Гэхдээ сонгуульд санал өгөх эрх нь олгогддоггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгын хүрээнд ард түмнээсээ энэ талаар асууж, эрхийг нь нээх ёстой. Ингэж байж өнөөдөр бид сонгогчдоо, хүн амаа бүрэн төлөөлсөн, ирээдүйгээ харсан парламентыг бүрдүүлэх бололцоо бүрдэх юм. Ийм саналыг дэвшүүлж буйгаа танилцуулж байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сонгуулийн хуульд одоо өөрчлөлт оруулж болох юм уу?
-Байгаа. Шинэ хуулиар бол сонгуулийн хуулийг өөрчлөх бололцоо байгаа. Хоёр, гурван хуулийн төсөл явж байгаа. Энэ асуудалд УИХ шийдвэрээ гаргах байх. Хамгийн тулгамдсан асуудал бол залуусын оролцоогоо эн тэргүүнд тавих ёстой гэж миний хувьд санал болгож байна.
-Залуучууд хангалттай нэр дэвшдэг юм биш үү?
-Дэлхийн сонгогчдын 50 хувь нь залуучууд байна. Гэтэл 31 хүртэл насны залуусыг дэлхийн парламентуудад сонгосон байдал хоёр хувь хүрэхгүй байна. Харин Монгол Улсад 0 хувь байгаа. Ингээд үзэхээр нэр дэвших шатанд хүртэл залуус маш бага байдаг. Өнөөдөр тодорхой квотоор таван хүний нэгд залуу хүмүүсээ дэвшүүлж, залуусаа дэмжиж, олон залуу хүн сонгуульд оролцох нөхцөлийг бүрдүүлэн, төрдөө итгэхүй болсон байдлыг өөрчлөхийн тулд нэр дэвшигчдийн болон сонгогчдын талдаа ч залуусын оролцоог цоо шинэ шатанд гарах ёстой. Монгол Улс үлгэр жишээ үзүүлэх цаг нь болсон. 1990 оны хувьсгалыг залуус хийсэн. Би анхны парламентад 29 настайдаа сонгогдож байсан. Ард түмэн залуусаа гаргаж, тэр залуучууд өнгөрсөн 20 гаруй жил нийгмийнхээ том шинэчлэлийг хийж чадсан. Одоо дараагийн ардчиллын шинэ давалгаа эхэлж, бид залуустаа байраа тавьж өгч, тэдэнд бололцоог нь гаргаж өгөх цаг болсон гэж бодож байна.
-Залуу гэж хэдэн насыг тодорхойлж байна вэ?
-30-аас доош насны гэж тооцох ёстой. Жинхэнэ шинэ цаг үеэ төлөөлсөн, шинэ үеийнхээ бүх мэдрэмжийг гаргаж чадах 30 хүртэлх насны залуусаа дэмжих ёстой гэж бодож байна.
-Залуусын оролцоог хуульчилж өгч байгаа ч яг улс төрд бэлтгэгдсэн нь хэр хангалттай байгаа юм бэ. Цээжээ дэлдсэн залуус гэсэн шүүмжлэл байдаг.
-Харин тийм. Бид аливааг харанхуйгаар хардаж харах хэрэггүй. Шинэ цаг үе гарч ирэх арга замыг бид нээж өгөх ёстой. Сонгуулийн хуулиар хийгдсэн нэлээн олон хаалт байгаа. Энэ бүгдийг бид залуустаа нээж өгөхгүй бол энэ сонгуулийн үр дүнг ард түмэн бүрэн сэтгэл хангалуун хүлээж авна гэдэгт би огт итгэхгүй байна.
-Тухайлбал, ямар заалтад өөрчлөлт орно гэж харж байгаа вэ?
-Залуучуудыг квоттой болгохоос өөр арга хэмжээ дэлхийд алга. Одоогоор квот тогтоосон орнууд байна. Монгол Улс дэлхийн жишгийг дагах, өөрсдөө үлгэр жишээ болох зайлшгүй шаардлага байгаа юм.
-Танай нам "Их тэнгэр"-т өргөтгөсөн хурлаа хийсэн. Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадав уу. Ямар асуудал ярьсан бэ?
-Бид сонгуулийн жилийн тулгамдсан асуудлуудаа ярилаа. Намын дотоод нөхцөл байдлаа хэлэлцлээ. Та нар нэг л юмыг ойлго. Зөрчилтэй байна гэдэг чинь хуйвалдахгүй байна гэсэн үг. Ардчилсан нам засагт байгаа цагт ерөөсөө ямар ч дутагдал далд ордоггүй. Үнэхээр буруу зөрүү юм байгаа бол хуулиар шийдэгдээд явна. Үүнийг буруу зүйл гэж би үзэхгүй байгаа. Ийм л байх ёстой. Төр засаг дээгүүрээ хуйвалдаад нэг л мөлийсөн юм яваад байвал цаана нь ард түмэн хохироод үлддэг. Ард түмний хөрөнгийг хулгайлаад үлддэг. Гэтэл Ардчилсан намын ганц давуу тал, хүч чадал чухамдаа энд байна. Та нар Ардчилсан намыг хуйвалдагч нам болгохыг яагаад хүсээд байгаа юм бэ. Энэ буруу шүү дээ. Харин үүний цаана үнэхээр шударга ёс тогтож байх ёстой. Ард түмний эрх ашиг хамгийн нааштайгаар шийдэгдэж байх ёстой. Үүнийг хүсэж байгаа. Үүний төлөө бүлгийн хурал маш чухал болсон. Хүн болгон үгээ хэлээд, асуудлаа ярьсан. Дутагдалтай эвлэрэхгүй, ард түмнийхээ төлөө хийснээсээ илүүг хийх ёстой гэдэг дээр санаа бодол 100 хувь нэгдсэн.
-Удирдах түвшний хүмүүсээс хэн хэн оролцов. Ерөнхийлөгчийг оролцож магадгүй гэж байсан. Ирсэн үү?
-Намын бүлгийн хурал учраас зөвхөн бүлгийн гишүүд оролцсон. 35 гишүүн ирэхээс 30 гишүүн байсан.