Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХОНКОНГИЙН Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-тэй уулзлаа
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хоорондын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тодотгоод Хонконгийн худалдаа хөгжлийн зөвлөл Монгол, Хонконгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Сүүлийн жилүүдэд талуудын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа сайжирч байгааг дурдаад энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам сайжруулах нь чухал болохыг хэллээ.
Энэ үеэр Монголын талаас Хонкогт үзэсгэлэн худалдаа гаргах талаар хүсэлт тавьж, тохиролцоонд хүрсэн байна. Мөн аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн иргэд хоорондын харилцааг чухалчлан ярилцсан байна. Тодруулбал, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр” байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Өнөөдрийн байдлаар Монголын 100 гаруй иргэн Хонконгт байнга оршин сууж байна. Мөн 37 иргэн ял эдэлж байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагаа нэг шат ахисныг харуулж байна. Энэ хэлэлцээр Хонконгийн талаас хүчин төгөлдөр болсон, манай улсын хувьд Улсын Их Хурал баталснаар хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлэх юм.
Монгол Улс, Хонконгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны бодит үр дүнд анхаарах нь зүйтэй. Цаашид оюутан солилцох, Монголын оюутан залуус Хонконгийн их, дээд сургуулиудад суралцах боломжийн талаар хамтарч ажиллах саналыг Хонконгийн Ерөнхий захирагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.