Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа

2016 оны 4 сарын 06

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, сонгогчидтойгоо уулзлаа.

Түүний сонгогдсон Чингэлтэй дүүрэг  нийт 19 хороотой бөгөөд энэ удаа  эрхэм гишүүн 13-19 дүгээр хорооны  иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Г.Баярсайхан гишүүн өнгөрсөн жил дүүрэгтээ нийт явган  хүний гүүр 10-ыг бариулж, нэг автомашины гүүрийг ашиглалтад оруулсан байна. Иргэд жалга, суваг  дамжин ундны ус, түлээ нүүрсээ ойртуулдгаас гадна сургуулийн хүүхдүүд хичээлдээ явах зам ч амаргүй байсан. Тиймээс иргэд, оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний хүсэлтийг харгалзан хэд хэдэн газарт явган хүний гүүр барьж ашиглалтад оруулжээ.

Энэ нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахаас гадна аюулгүй байдалд тустай сайн ажил болсон гэж сонгогчид нь гишүүндээ ам сайтай байлаа. Чингэлтэй дүүрэгт энэ жил хэд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор барилгын ажил нь эхлээд явж байгаа. Тэдгээрээс 17 дугаар хороо буюу Зүрх ууланд барьж буй 250 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг энэ зундаа багтаан ашиглалтад оруулах юм.

Мөн 16 дугаар хороо, Хайлаастын эцэст улсын төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн болжээ. Аравдугаар хороонд барьж буй дүүргийн спорт цогцолбор ч удахгүй ашиглалтад орох юм байна. Дүүргийн хэмжээнд тавьж буй замын бүтээн байгуулалтад ч Г.Баярсайхан гишүүний оролцоо их бий. Өнгөрсөн онд Хандгайт чиглэлийн 16.35 км замыг ашиглалтад оруулсан, 19 дүгээр хорооны Салхитын аманд 2.0 км зам тавих санхүүжилтийг  нийслэлийн төсөвт суулгаж өгсний үр дүнд энэ хэсгийн замыг энэ хавар ашиглалтад хүлээж авах тухай Г.Баярсайхан гишүүн танилцууллаа. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газрын үед замд хөрөнгө оруулалт орууллаа гэж шүүмжилж байсан. Гэтэл зам дагаж хөгжил ирдэг юм байна.

Иргэдийн амьдрах орчин сайжирдаг. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй ашигтай тал байна. Хамгийн наад зах нь энхэл донхолтой эвдэрхий зам автомашин эвддэг. Сайхан замтай болсноор энэ хүндрэл үгүй болж байгаа. Явган хүний зориулалттай гүүрүүд барьсан нь иргэдийн амьдрах орчинд эерэг нөлөөтэй” гэсэн юм. Залуучуудад ажлын байр олдохгүй хомс байгаа гэж дүүргийн иргэд учирлаж байна. Арвандолоодугаар хорооны иргэн С. Долгормаа “Залуучуудад хийх ажил олдохгүй байна. Олдсон нь цалингаа хугацаанд нь тавьдаггүй. Барилгын компаниуд залуучуудыг ажиллуулчихаад цалингаа өгөхгүй байна.

Ийм байдалтай байгаа учраас залуус ажиллах сонирхол нь буурч байна” гэлээ. Ажлын байр олдохгүй байна гэсэн иргэдийн асуултад Г.Баярсайхан гишүүн “Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баттүвшингийн өгсөн мэдээллээр тэдний хэлтэст одоогийн байдлаар 958 ажлын байрны захиалга ирсэн байна. Залууст ажил олдохгүй, тэнцэхгүй байгаа шалтгаан нь мэргэжил боловсролтой нь холбоотой. Судлаад үзэхээр дээд боловсролтой ажилгүйчүүд цөөнгүй хувийг эзэлж байгаа юм.

Нэг үе дээд сургууль төгсвөл болдог гэдэг буруу ойлголтоор залуус хуульч, эдийн засагч гээд нийгмийн чиглэлийн мэргэжил эзэмшиж зах зээл дээр илүүдэл мэргэжилтнүүд олноор бэлтгэгдсэн. Гэтэл өнөөдөр МСҮГ төгссөн залуусын 80-90 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Тэдний зарим нь төгсөх курстээ ажлын байртай болж байгаа. Тиймээс манай залуус инженер техникийн, мэргэжлийн боловсрол эзэмшвэл эрэлт хэрэгцээтэй байна. Хүүхдүүдээ МСҮГ, коллежид мэргэжил эзэмшүүлэхийг уриалах хэрэгтэй. Би Хөдөлмөрийн сайдын хувьд гаднаас авч ажиллуулах ажилтнуудын тоог багасгах бодлого барьж байгаа. Монгол залуусаа сургаж ажиллуулах нь улс эх оронд маань хэрэгтэй юм” хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирэх амралтын өдрүүдэд Чингэлтэйн 1-12 дугаар хороонд ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31160
0 эможи
keyboard_arrow_up