Ж.Батзандан: Тогтоолын төслийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд болон Ирвэс хамгаалах сангийн ажилтнуудыг өнөөдөр /2016.04.04/ хүлээн авч уулзан иргэдийн тавьсан хүсэлтийг шийдвэрлэх ажлын явцын талаар танилцууллаа. Уулзалтаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараах мэдээллийг өгч Байнгын хороонд ирүүлсэн Тост Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтанд авахыг хүссэн 150 өргөдлийг хүлээн авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар 2015 оноос өнөөдрийг хүртэл иргэдээс 1200 гаруй өргөдөл ирсэн гээд энэ асуудлыг судлах хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад мэдээлэл ирүүлэх, асуудлыг шийдвэрлэх талаар албан тоот явуулсаныг дурдлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу албан бичигт Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна гэсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй гэлээ.
Тэрбээр, Өргөдлийн байнгын хороо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг хуралдаанд сонсож Байнгын хороо Засгийн газарт 2015 оны 12 дугаар сард багтаан Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоол өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон 15 дугаар тогтоолыг баталсан хэмээгээд Засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 512 тоот тогтоолоор тус талбайг 3 жилийн хугацаагаар нөөцөд авсан талаар мэдээлсэн юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Тосон бумбын нуруунд ажиллаж Л.Эрдэнэчимэг нарын УИХ-ын 9 гишүүн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэнийг 04 дүгээр сарын 06-ны өдрийн тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргын зөвлөлийн баталсан хуваарьт орсон болохыг тэрбээр иргэдэд мөн дуулгасан юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр дээрх тогтоолын төслийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний хувиар дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.