Говьсүмбэр аймаг дахь боловсролын жишиг байгууллагуудтай танилцлаа
Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг боловсролын хоёр байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Орчин үеийн техник технологийн хэрэглээг сургалт, ажлын байр, үйлдвэрлэлийн салбарт хүргэх олон улсын жишиг хандлагад нийцсэн уул уурхайн тэргүүлэх инженер, техникийн ажилтан бэлтгэдэг манлайлах сургууль болох зорилттой уул уурхайн политехникийн коллежид элсэн суралцах оюутны тоо жил бүр нэмэгдэж буй бөгөөд өдгөө 30 орчим мэргэжлээр 800 орчим оюутан суралцаж байна.
Токарын дадлагын газар, механикийн, хий шингэний лаборатори, цахилгаан тоноглолын болон дотоод шаталтын лаборатори зэрэг мэргэжил бүрээр лаборатори, дадлагын газартай тус колллеж Монгол Улсын уул уурхайн мэргэжлийн сургууль дундын үйлдвэрлэл сургалт судалгааны полигон болох зорилттой ажиллаж байна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ойролцоо 50 га газарт полигоноо барина. Энэ төсөлд Засгийн газраас дэмжлэг хүсч буй коллежийн удирдлага хүслээ.
Чанартай сайн суралцаж төгсөхөд бусад их, дээд сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад ажил олдох нь илүү байх учир тус коллежийг сонгон суралцаж буй нь зөв сонголт болжээ гэж Ерөнхий сайд оюутнуудад хэлж, багш ажилчдад улам их амжилт хүсээд Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд дараа нь тус аймгийн төвийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай ярилцлаа. Тус сургууль 2013 оноос их засвар хийж, “Ухаалаг сургууль” төсөл хэрэгжүүлэн ажиллаж, бүрэн цахимжсан системтэй сургууль болжээ.
Ухаалаг мэдээллийн самбар, ухаалаг толь, ухаалаг угтагч, ухаалаг самбартай Ерөнхий сайд танилцаж, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн ангиудыг ухаалаг самбараар хангахаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Мөн тус сургууль бүрэн цахимжсан нь бусад сургуулиудад жишиг болохоор болжээ гээд сургуулийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, чанар, хүртээмж нэмэгдэж, орчин үеийн техник, технологиийг нэвтрүүлэн ажилласан хэмээн тус аймгийн Засаг даргын Тамгын газрыг “Боловсролд ээлтэй Засаг даргын Тамгын газар”-аар БСШУЯ шалгаруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.