Ч.Сайханбилэг: Үйлдвэрүүдийг хаана байгуулахыг улс төрчид биш хувийн хэвшлийнхэн илүү мэднэ

2016 оны 4 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Дорноговь аймагт  томилолтоор ажиллах үедээ Сайншанд сумын иргэдтэй  уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Иргэд цалин тэтгэвэр нэмэх эсэх, тэтгэврийн зээл, малчны зээл, Сайншандын аж үйлдвэрийн парк, өр зээл, эрүүл мэндийн даатгал гээд олон чухал сэдвээр асуулт тавьж байлаа. Ингээд Засгийн газрын тэргүүний хэлснийг тоймлон хүргэе.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

Иргэд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар их асууж байна. Нөхцөл байдлыг та бүхэн сайн ойлгож байгаа. Цалин нэмэх шаардлагатай хөрөнгө одоогоор байхгүй учир Монголбанк цаасан мөнгө хэвлэж тараая гэж бодъё. Үүнийг дагаад бараа таваарын үнэ, долларын ханш өснө. Ийм нөхцөлд мөнгө үйлдвэрлэж болохгүй. Хэрэв энэ жил цалинг 10 хувиар нэмбэл бидэнд 90 тэрбум төгрөг хэрэгтэй болно.

Тэр нь ирэх жилийн төсөв дээр 270 тэрбум болж нэмэгдэнэ. Үүнээс гадна эдийн засаг хүндрэлтэй байхад төсвийн байгууллагын цалинг нэмсэн тохиолдолд хувийн компаниуд дампуурна гэдгийг хувийн хэвшлийнхэн  хэлээд байгаа. Нөгөө нэг зүйл нь тэтгэврийг 2013, 2015 онд Засгийн газраас хоёр удаа нэмсэн. Өмнө тэтгэврийг нэмэхдээ 10 хувиар нэмэхэд өндөр тогтоолгосон хүмүүс их тэтгэвэр, бага  тогтоолгосон  хүмүүс бага авдаг байсныг больж бид хоёр удаагийн нэмэгдлээр дандаа хувь тэнцүүлж нэмсэн. Мөнгөний орлогын эх үүсвэр гарсан тохиолдолд бидэнд тэтгэврийг нэмэх төлөвлөгөө бий.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл. Тэтгэвэр авдаг хүмүүсийн маань 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Та яагаад тэтгэврийн зээл авсан юм бэ гээд судлахаар ихэнх нь хүүхдийнхээ шахалтаар сургалтын төлбөрийг төлөх, орон сууцны зээл, машин худалдан авах зэрэгт зарцуулсан байдаг. Хэрэв тэтгэврийн зээлийн хүүг бууруулбал манай бүх амадууд тэтгэврийн зээл авч хүүхдүүддээ өгөөд дараа нь өөрсдөө төлнө. Ийм зүйл байж болохгүй. Харин малчны зээл бол үйлдвэрлэл явуулдаг учраас тэтгэврийн зээлээс ялгаатай, бүтээмж өндөртэй зээл. Бид 29 хувийн зээлийг 10 хувь руу  шилжүүлснээр зөвхөн нэг жилийн дотор таван сая төгрөгийн зээлтэй малчин 700 мянган төгрөгийн хүүгээс чөлөөлөгдөж байгаа.

Мүүний шашны талаар нэг  зүйлийг хэлье. Монгол Улсад бурханы, лалын, христосын гээд аль ч шашныг  шүтэх эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Үнэхээр танд  таалагдахгүй  байвал орхичих хэрэгтэй. Заавал ийм шашин шүт гэж шахаж шаардах нь хуулиар хориотой. Харин ямар нэгэн шашнаар дамжуулж төрийн байгууллагын эсрэг гэмт хэрэг, терроризм, хар тамхи, мансууруулах бодис хийгээд хүмүүсийн эрүүл аж төрөх ёсонд хориотой зүйл учруулж байна уу гэдгийг шалгаж судлах ажил хийгдэж байгаа.

Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах асуудалд бид бодлогоо эргэж харах цаг нь болсон. Үүнийг хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүс цаасан дээр хийж болдоггүй гэдгийг өнгөрсөн жилүүд харууллаа. Аж үйлдвэр байгуулах ажлын нэгээхэн хэсэг болох Өргөн суманд дахь нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэр, МАК-ын төсөл  ажлаа эхлээд явж байна. Үйлдвэрүүдийг хаана байгуулах, үр ашиг нь ямар байхыг улс төрчид биш хувийн хэвшлийнхэн илүү мэднэ. Дорноговь аймгийн хувьд сум бүртээ нэг том үйлдвэр, нэг том төсөл хэрэгжүүлэх бололцоо нь гарчихаж. Тэгээд хөндлөн төмөр зам  ороод ирэх үед  аж үйлдвэрийн парк болох боломж нь бүр илүү болно.

Өрийн тухайд  айл өрх, улс орон хэрэгцээнийхээ хэрээр мөнгө зээлж буцаагаад төлдөг зарчимтай.  Есөн тэрбум ам. долларын өр гээд  байгаа  нь  хувийн хэвшлийнхний зээлсэн хөрөнгө хамт л яригдаж  байгаа. 2012 оны өмнөх Засгийн газрын тавьсан өрөөс 400 саяыг манай Засгийн газар төлөөд явж байна. Өнөөдөр Засгийн газрын хэмжээнд төлөх өр бол 4.9 тэрбум доллар бий. Үүнийгээ цаг тухайд төлөөд л явна.

Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах уу гэж асуулаа. Үүнийг Монголд булшлах асуудал байж болохгүй. Манайхны яриад байгаа олон улсын конвенцид нэг заалт бий. Цөмийн хог хаягдалтай холбоо асуудлыг тухайн улс өөрийнхөө хуульд хэрхэн зохицуулсан  байна, тэр хуулийн дагуу асуудлыг шийднэ гэж. Тэгэхээр цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлуулахгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг  гарсан. Үүнээс гадна Засгийн газраас цөмийн хог хаягдлыг хилээр нэвтрүүлэхгүй, булшлуулахгүй байх талаар хуулийн төсөл санаачлаад УИХ-д өргөн барьсан. “Арева” компанийн хувьд бид нэг зүйлийг тавьж байгаа. Орон нутгийн хүмүүс танай ажилд эргэлзээтэй хэвээр байна. Үнэхээр танай үйл ажиллагаа хоргүй, аюулгүй юм бол орон нутгаас мах болон  хэрэгцээтэй бараагаа авч хэрэглэх хэрэгтэй.  Харин энэ төслийг үгүй гэж зүтгээд шинэ төмөр зам болон том төслүүд шиг хэрүүлийн алим болгож  болохгүй гэв.

Харин эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдсэн асуудлаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ингэж хариулав. Шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хууль нэлээд боломжийн хууль болсон гэж үздэг. Өмнөх хуулиар сард 670 төгрөг төлдөг байсан нь даатгалын сан өөрөө  өсч хөгжих боломжгүй байсан. Тийм учраас даатгалын төлбөрийн хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулан авдаг болсон. Ажил  хийж байгаа хүмүүсийнх хэвээрээ байгаа.

2:2 буюу өөрөө хоёр хувь, ажил олгогч хоёр хувиар төлдөг. Харин оюутны даатгалыг төр хариуцдаг байснаа больж өөрөө төлдөг болсон. Өөрөө төлөхдөө тухайн оюутан 42 мянган төгрөгийг өөрөө аваачаад өгөх бус сургууль нь төлбөрөөсөө төлдөг  болсон гэлээ.

Монгол Улсын Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймаг ажилласан томилолтоо өнөөдөр өндөрлөж Говьсүмбэр аймгийг зорилоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30988
0 эможи
keyboard_arrow_up