БХЯ, МҮОНРТ-тэй хамтран ажиллана
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз 2016-2017 онуудад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нар гарын үсэг зурсан юм. Санамж бичигт Батлан хамгаалах яам, МҮОНРТ нь улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлт, үйл ажиллагааг ард иргэд, залуу үед сурталчилах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Монгол Улсын гадаад бодлого, зорилтуудыг батлан хамгаалах болон олон нийттэй харилцах байгууллагад оновчтой хэрэгжүүлэх, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг дотоод, гадаадын иргэдэд сурталчилах, хүүхэд залууст эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлааг бэхжүүлэх, Монгол үндэсний өв, соёл, монгол цэргийн дайчин уламжлалыг олон нийтэд сурталчилан таниулах юм. Дэлхийн энхийн үйлсэд Монгол цэрэг манлайлан зүтгэж, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсөж байгааг нь сурталчилан таниулах, БХЯ-ны дэргэдэх “Дуулга” студийг өргөтгөн зохион байгуулж, бие даасан цэргийн телевиз болгон хөгжүүлэхэд харилцан хамтран ажиллаж, мэргэжлийн арга зүй, удирдлагаар ханган ажиллахад дэмжлэг үзүүлэхээр санамж бичигт тусгасан байна.
Батлан хамгаалах яам, ЗХЖШ, МҮОНРТ байгууллагууд нь залуу хойч үед эх оронч хүмүүжил олгох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн туршид хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Олон чиглэлээр хамтран ажиллаж байгаагийн нэг нь МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар долоо хоног бүрийн ням гаригт гарч байгаа "Эх орны төлөө" зорилтод нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийг "Дуулга" телестудийн бэлтгэдэг хүргэж ирснээс хойш 20 жил болсон байна. Санамж бичгийн нэг онцлог нь энэхүү нэвтрүүлгийн хугацаа 20 минут байсныг 30 минут болгон нэмэгдүүлсэн юм.
Санамж бичгийн талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь "Батлан хамгаалах салбарын шинэчлэлт, үйл ажиллагааг ард иргэд, залуу үед сурталчилах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг маш их. Үүргээ ухамсарлаж манай хоёр байгууллага олон жилийн туршид хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өргөжүүлж байгаадаа баяртай байна" гэв.