Америкчууд хэнийг ч сонгосон энэ сонгууль түүхэнд дуурсагдана

2016 оны 3 сарын 25

Америкчууд түүхэн сонголтын өмнө иржээ. Доналд Трамп, Хиллари Клинтон, Берни Сандерс, Тед Круз, Жонн Кесиш гэсэн таван хүн ирэх арван нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр санал цуглуулж байна. Харин хэн нь ч сонгогдсон ямар нэг байдлаар анхдагч болох хувьтай ажээ.

АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Гэрэл зургийг: time.com

АНУ-ын Тэргүүн хатагтай, Сенатор, Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж 2008 оны сонгуульд Барак Обамад ялагдал хүлээж байсан Хиллари Клинтон өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд олны анхаарлын төвөөс гараагүй юм. Өдгөө 68 настай тэрээр хэрвээ сонгогдвол Исламын улс бүлгийг газрын хөрснөөс арчиж, бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаална гэж мэдэгджээ.

АНХНЫ ЕВРЕЙ ГАРАЛТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Гэрэл зургийг: wbur.org

Ардчиллын эх орон боловч Америкт одоо ч гэсэн арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлах үзэл оршсоор байгаа. Тийм ч учраас Хойд Америкийн төвд орших энэ улсын иргэд еврей гаралтай ерөнхийлөгч сонгох нь онцгой үйл явдал юм. Хилари Клинтонтой адил Ардчилсан намаас нэр дэвшиж буй Берни Сандерс өөрийгөө “Ардчилсан социалист” гэж нэрлэх дуртай. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж, Сирийн дүрвэгчдэд туслахдаа дуртай байна гэдгээ илэрхийлсэн юм.

АНХНЫ КАНАД ГАРАЛТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Гэрэл зургийг: abcnews.go.com

Канадын ард түмэн амар тайван байдлыг эрхэмлэдэг гэдгээрээ дэлхий нийтэд алдартай. Гэвч галт зэвсэг ашиглан, гэмт хэрэг үйлдэж буй этгээдээс галт зэвсгийг нь булааж авахын оронд тэдний эсрэг галт зэвсэг ашигласан нь илүү үр дүнтэй гэж Тед Круз үзэж буй. Канад гаралтай энэ эрхэм 2012 онд Сенатораар сонгогдсон бөгөөд Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс хамгийн залуу нь. 1970 онд төрсөн тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ыг терроризмын аюулаас зайлуулж, бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

АНХНЫ ЧЕХ ГАРАЛТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Гэрэл зургийг: pbs.org

АНУ-ын Конгресст амьдралынхаа 18 жилийг зориулсан Жонн Кесиш өөрийгөө Чех, Хорват гаралтай гэж тодорхойлохыг илүүд үздэг. Дөнгөж 26 настайдаа Охайо мужийн сенатын танхимд сонгогдож байсан тэрээр тус мужаас сонгогдсон хамгийн залуу сенатор байв. Өдгөө Охайо мужийн амбан захирагчаар ажиллаж буй Кесиш 1994 онд бууны эсрэг хуулийн төсөлд саналаа өгч байсан хэдий ч одоо буу ашиглахыг зөвтгөдөг болжээ. Тэрээр буу эзэмшиж буй хүнд нь гэмт хэрэг хийх сэдэл байгаа болохоос буутай учраас хүн гэмт хэрэг хийдэггүй гэсэн юм. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Сирийн дүрвэгчдийг оруулахгүй, гэхдээ бэлгийн цөөнхийн гэрлэлтийг дэмжих аж.

АНХНЫ ХАНА БАРИХ ЕРӨНХИЙЛӨГЧ

Гэрэл зургийг: politico.com

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Доналд Трамп. Ааваасаа өвлөн авсан компаниа өргөжүүлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилт олж, зочид буудал, казиногоор бэлжсэн Доналд Трамп магадгүй энэ жагсаалтад орсон хүмүүс дундаас хамгийн илэн далангүй ярьдаг нь байх.

4,5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй тэрээр өөрийнх нь наймааны ур чадвар Америкийг дахин агуу гүрэн болоход тус болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Угсаа гарлаар ялгаварлах үзлийн тухайд Трамп бүгдийг нь ижил тэгш үзэн яддаг. Мексикчүүдийн эсрэг хана барьж, Исламын шашинтнуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх, одоо амьдарч буй дүрвэгчдийг хөөж явуулах нь түүний ерөнхийлөгч болоод хийх үндсэн ажлуудын нэг байх аж.

Тэр ч бүү хэл ерөнхийлөгч болбол АНУ-ын урд хилийн дагуу "сүндэрлэх" аварга том хана, хэрмийг Мексикчүүдийн мөнгөөр бариулна гэжээ. 

Дээрх жагсаалтыг харахад ер нь бол хэтэрхий угсаа гарвалд түшиглэсэн мэт. Таван нэр дэвшигчийн гурав нь зөвхөн угсаа гарлаараа өмнөх ерөнхийлөгч нараас ялгарч байна. Харин Хиллари Клинтон анхны эмэгтэй, Доналд Трамп анхны хана барих ерөнхийлөгч гэдгээрээ онцлог.

Ирэх арван нэгдүгээр сард Америкчууд шинэ ерөнхийлөгчтэй болно. Гэхдээ тэд өөрсдөө сонгохгүй. Харин ерөнхийлөгчийг нь сонгож өгөх хүмүүсийг сонгоно. Тэгэхээр хэн “анхны” ерөнхийлөгч болох бол?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30660
0 эможи
keyboard_arrow_up