НӨАТ-ын хууль суманд хэрэгжих боломж алга

2016 оны 3 сарын 25

НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна гэх 1500 гомдол УИХ-ын гишүүдэд иржээ. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна. Төсөлд Засгийн газраас санал авахаар явуулаад буй аж.

Уг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-НӨАТ-ын хуульд чухам ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан бэ?

-НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засагт өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ хууль хэрэгжих явцад ард иргэд ялангуяажижиг дунд бизнес эрхлэгчдийн зүгээс нэлээд дарамт шахалт ирж байна гэх гомдол тасрахгүй байна. Тэд эдийн засаг “агшсан” энэ үед өр зээлээ төлж, бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй байна гэж байгаа. Тиймээс маш олон байгууллага болон бизнес эрхлэгчдийн холбоодоос санал гаргаж байна.

Саяхан нийгмийн ардчиллын хүрээлэнгээс бизнес эрхлэгчдийн дунд нийслэлд судалгаа хийсэн байна лээ. Судалгаанд оролцогчдын 88 хувь нь бизнес эрхлэх таатай орчин бүрдээгүй гэж хариулжээ. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч НӨАТ-ын хуультай холбоотой санал гомдол гаргасан. Би хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаад явж байхад хөдөөгийн бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийн буцаан олголттой холбоотойгоор кассын машин, программ хангамж авч чадахгүй байна. Үүнээс үүдэж худалдан авагч, бизнес эрхлэгч хоёрын дунд үл ойлголцол гарч байна шүү дээ.

Тухайлбал, сумын төвд жижиг ТҮЦ ажиллуулж байгаа иргэнээс НӨАТ-ын баримт авна гэдэг. Түүнийг олгодог кассын машин, программ хангамж авъя гэхээр орлогынх нь эх үүсвэр хүрдэггүй. Бага хөрөнгөөр өрхийн амжиргаагаа залгуулах хэмжээнд ажиллаж байна. Дээрээс нь томоохон дэлгүүрүүд нь программ хангамжаа аваад түүнийг ажиллуулах гэхээр интернэтийн хурд гүйцэхгүй байх жишээтэй. Суманд энэ хууль ханаа хэрэгжиж байна вэ гэхээр томоохон шатахуун түгээх станцын салбарт л хэрэгжиж байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжих боломжийг эргэж хараач гэж хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан юм.
-Бизнес эрхлэгчид ямар санал тавьсан юм бэ. Хугацааг нь хойшлуулах юм уу?

-Бага орлоготой жижиг дунд болон өрхийн бизнес хийж байгаа иргэд хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал тавьсан. Тиймээс НӨАТ-ын хуульд дөрвөн өөрчлөлт оруулахаар тусгалаа. Нэгдүгээрт, самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх,  ноос, ноолуурыг дэмжих зорилготой. Хуулийн төслийн албан татвараас чөлөөлөх хэсгийн “экспортод гаргах самнасан ноолуур” гэдгийг хасах өөрчлөлтийг 13.1.21-т оруулахаар зохицуулсан.

Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлж буй  хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн ноос, ноолуурыг дотоодын үйлдвэрт борлуулвал үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх юм. Гуравдугаарт, борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээдийг 2019 он хүртэл тусгай зориулалтын кассын машин,  программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийлээ. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид хууль үйлчлэх хугацааг хойшлуулах тухай заалт юм. Дөрөвдүгээрт, хуулийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөх тухай юм.
-Бизнес эрхлэгчдийг ангилж хуулийн үйлчлэх хүрээг харилцан адилгүй байлгана гэсэн үг үү?

-Хууль томоохон татвар төлөгч, сүлжээ дэлгүүрүүд, худалдааны байгууллагад хэрэгжиж байна. Харин жижиг дунд бизнес эрхэлж өрхийн орлогоо залгуулах гэж буй болон мал аж ахуйн салбарт байгаа иргэдэд хүндрэл учирч байна. Татварын байгууллагаас кассын машин ашиглахгүй байгаа бизнес эрхлэгчийг 500 мянгаар торгож эхэлсэн.

Хуулиар борлуулалтын орлогыг нь тооцсон болохоос борлуулалтаас хүртэх ашиг орлогыг нь тооцоогүй байгаа. Хуулийг батлахдаа бизнес эрхлэгчийн үгийг сонсоогүй юм байна. Нийслэл, томоохон суурин газарт зориулж уг хуулийг баталжээ. Хөдөө сумын, багийн төв дээр ТҮЦ ажиллуулж байгаа иргэн амжиргаагаа арай чүү залгуулж байна. Тэд хэдэн саяар орлого олдог хүмүүс биш шүү дээ. Энэ хүмүүсийнхээ эрх ашгийг бодох ёстой. Томоохон бизнес эрхлэгчид энэ хуулиа мөрдөж ажиллабал далд эдийн засаг ил болно. Энэ зөв. Энэ хүрээнд жижиг бизнес эрхлэгчид нь өртөж байна.
-Хаврын чуулганаар Татварын багц хуулиудыг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд голлох ямар заалтууд орж байгаа вэ?

-Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал энэ удаагийн парламентад хүчтэй яригдаж байгаа. УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Одоогоос 10 жилийн өмнө татварын 4:10 бодлогыг гаргаж тавьсан. Тэр үед бүх татварыг 10 хувьд хүргээд жигд болгосон.

Энэ нь бизнес эрхлэхэд манайх хамгийн бага татвартай орны тоонд багтсан юм. Харин одоо орох өөрчлөлтөөр их орлого олж байгаа нь их, бага олж буй нь бага татвар төлөх механизмыг бүрдүүлэх юм. Энэ нь эргээд нийгэмд үүсээд буй баян хоосны ялгааг арилгах, баялгийг зөв хуваарилахад томоохон алхам болно. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлсэн.

Төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэл байвал 1 хувийн татвартай байхаар тусгалаа. Түүнээс дээш бол 10, 25 хувийн татвартай байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид татварын дарамтгүй болж, ажлын байр бий болгож, өрх гэрээ авч явахын зэрэгцээ иргэдэд үйлчилгээгээ хүргэнэ. Нэг хувийн татвараараа бүртгэлийн системдээ хамрагдаад явна. Тэгэхгүй бол 10 хувийн татвараас зайлсхийгээд бүртгэлээс зугтдаг. Энэ нь далд эдийн засгийг цэцэглүүлэх тал бий. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль хэлэлцэгдээд батлагдаасай гэж хүсч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30636
0 эможи
keyboard_arrow_up