ЭМС-ын сайдын асуудлыг энэ хаврын чуулганаар шийднэ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сард АТГ-аас авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан билээ. Түүнээс хойш тус салбар сайдгүй байгаа бөгөөд ЭМС-ын сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хашиж буй. Харин сайдын асуудлыг энэ хаврын чуулганаар оруулж шийдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн юм. Одоогоор ЭМС-ын сайдаар хэнийг томилох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Г.Шийлэгдамбын хувьд батлан даалтаар гараад байгаа ч ямар нэгэн албан тушаалд очихгүй гэдгээ мэдэгджээ. Харин МАХН-ынхнаас сайдын суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ асуудлыг нам дотроо ярилцаж байгаа сурагтай. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЭМС-ын сайдыг надаас өөр хийх хүн байхгүй, Гэхдээ Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаж чадахгүй” гэжээ. Мөн хуучин сайдаар ажиллаж байсан Н.Удвалын нэр ч яригдсан байна. Нэг хэсэг МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайд болгох гэж үзсэн ч тусыг эс олсон билээ. Мөн Шадар сайд нь эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгаа нь буруу гэдгийг намын дэд дарга асан Д.Тэрбишдагва хүртэл мэдэгдэж байсан. Ямартай ч энэ хаврын чуулганаар ЭМС-ын сайдын асуудал нэг тийш шийдэгдэх бололтой.