Хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэж эхэллээ
Монголын улстөр, бизнесийн хоёр том бүлгийн хоорондын тэмцэл улам хурцдаж эхлээд байна. Энэ нь нэг талаас УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэн нөгөө талаас МСS-ийн Ж.Оджаргал тэргүүтнүүд "үхэх сэхэхээ үзэж байна" гэсэн үг л дээ. Монголын улстөр, бизнесийн томчууд гэгдэх олон хүн энэ хоёр бүлэглэлийн аль нэгэнд нь багтаж байгаа.
Тавантолгойн нүүрсний орд, тэрхүү ордоос Монгол улсын өмнөд хил, дорнод хил рүү тавих төмөр замыг хэн нь хяналтдаа байлгах вэ гэдгээс үүдэлтэй энэхүү “зодоон” сүүлийн 10-аад жил үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн жилээс хурцдаж эхэлсэн энэхүү хэрэг эдүгээ бүр дайны шинжтэй болоод байна. Үүнийг дараах үйл явдлууд нотолж байна.
Х.Баттулгын эргэн тойрныхны баривчилгаа үргэлжилсээр...
Олноо “Женко” хэмээх компаниараа овоглогддог Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үед шинэ төмөр зам төслийн мөнгийг угаасан, залилсан хэрэг гарсан хэмээн өнгөрсөн намар хэд хэдэн хүнийг баривчилсан.
Тэдгээр нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл тэргүүтнүүд. Уг хэрэгт Х.Баттулга болон түүний дараа Зам тээврийн сайдын алба хашиж байсан А.Гансүх нарыг ч сэжигтнээр татан шалгаж байгаа. Уг хэрэг эдүгээ улам бүр хүрээгээ тэлж шинэ шинэ сэжигтнүүдийг баривчлан хорьж эхлээд байна. Тухайлахад гурав хоногийн өмнө Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг баривчилсан бол өнөөдөр өглөөгүүр “Түмэн хишигтэн” компаний захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилжээ. “Түмэн хишигтэн” компани нь Х.Баттулгын “Женко” компанийн охин компани билээ. Эндээс харахад Х.Баттулгыг тойрсон асуудал улам л хурцдаад байна. Тэгвэл үүний цаана хэн байна вэ.
“Энержи ресурс” буюу “МСS”, цагдаагийн даргыг холбоотой гэж Х.Баттулга нар үзэж байна
Хоёр хоногийн өмнө Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийнхэнд хандсан. тэрбээр “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар АТГ-т хүсэлт хүргүүлснээ ярьсны сацуу, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тус гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь нотлох, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхтэй холбоотой зарим нотлох баримтыг хавсралтаар багтаасан гэдгээ мэдэгдсэн.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд үүн дээр үндэслэн Х.Баттулгыг шалгах хэрэг нь хууль бус явагдаж буйг илэрхийлэх хэд, хэдэн үндэслэлийг олж мэдсэн гэсэн. Түүний хувьд өөрийнхөө цуглуулсан баримтад үндэслэн Х.Баттулгын идсэн гээд байгаа 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани авсан болж таарч байгаа гэх. “Тус компанийн захирал Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг сулласан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд, өөр хүн томилж шалгуулахыг хүсч байна” гэдгээ илэрхийлсэн.
Мөн “"Энержи Ресурс Рэйл" компанийн өнөөгийн байдал тун хүнд байна. Тус компанийн авсан зээлийн хугацаа нь дуусах гээд байгаа болохоор баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас мөнгө авчих санаатай байгаа. Үүнд нь саад болсон хүмүүс бол Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх, Ч.Ганбат нар юм. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн утгаар асуудалд хандаж байгаа нь хэнд ч ойлгогдохоор байна.
Энэ Р. Чингис гэдэг хүн 2000 оноос хойш "MCS"-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртөгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булайгаа дарахын тулд 40 орчим тэрбум төгрөг УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан гэдэг яриаг гаргасан.
Энэ яриаг гаргасан Л.Оюунбаттай Р.Чингис дарга хуйвалдаж түүнийг сулласан” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэлсэн билээ.
Тэгэхээр Х.Баттулга өөрийг нь тойрсон энэхүү баривчилгаа, хэргүүдийг “Энержи ресурс” цаашлаад “МСS”-ийн Ж.Оджаргал түүний багын найз ЦЕГ-ын дарга Р.Чингисийг холбоотой гэж үзэж байгаа нь тодорсон. Тиймээс л хоёр бүлэглэлийн дайн улам хурцдсаныг харуулж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм.
Ж.Оджаргал “Энержи ресурс”-аа дампууруулахгүйн төлөө, Х.Баттулга сонгуульд дахин өрсөлдөж чадахгүй болчихгүйн төлөө тэмцэж байна
Х.Баттулга нар шинэ төмөр зам барих төслийг 8-9 жил гацааснаас болж “Энержи ресурс”-ын байдал хүндэрсэн гэж нөгөө тал нь үздэг.
Харин Х.Баттулгын хувьд эсрэг талаа Тавантолгойг бүхлээр нь авч өрөндөө өгөх гэж байна, нарийн царигтай төмөр зам барих нь Монгол улсын геополитикт нийцэхгүй гэдэг. Эдүгээ үүнээс болж Х.Баттулга ба түүний нөхөд шалгагдаж байгаа нь үнэн.
Мөн нөгөө талд 2010 онд Гонконгийн хөрөнгийн бирж дээрээс тэрбум ам.доллар босгож байсан ММС буюу “Энержи ресурс” дампуурахад тулсан нь үнэн юм. Эдүгээ хэдхэн центийн үнэтэй болсон хувьцаатай ММС-ийг дампуурах нь гэдэг яриа аль өнгөрсөн жилээс л гарсан. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард тус компаний хувьцаа Б.Баабарын хэлдгээр үнс болоод байгаа. Гэсэн хэдий ч тэд бууж өгөөгүй л байна.
Х.Баттулга ч бас өөрсдөд нь үүсгэсэн хэргийг хаалгахын төлөө зүтгэсээр байна. Ингэхийн тулд тэрбээр хэргийн талаар нийгэмд байнга шуугиж байгааг дарахаар бусад томоохон хэргүүдийг улам томруулан нийгмийн анхааралд хүргэж байлаа.
Тухайлбал, ирвэс судлаач залуугийн хэрэг, Мүүний хэрэг явдал гээд тоочиж болно. Гэвч түүнийг тойрсон баривчилгаа зогсохгүй байгаа учир сүүлийн хоёр гурав хоногт шууд ЦЕГ-ын дарга руу дайралт хийж эхлээд байгаа нь энэ.
Уг хэрэг хаана хүрч төгсөх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ ойрын хоёр сардаа шийдэгдэхгүй бол Х.Баттулга, А.Гансүх нар УИХ-д нэр дэвших эрхгүй болох болно. Харин Х.Баттулга нарыг "дарж авахгүй" л бол "Энержи ресурс" сэхэх найдлагагүй хэмээн нөгөө тал нь үзэж байгаа нь ойлгомжтой болж.
Тэгэхээр хоёр бүлэглэлийн хооронд эцсийн шийдвэрлэх тулаан болж байгаа нь тодорхой байна.
Г.Самбаа