З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр дарга мэдүүлэг өгөхгүй гээд гүрийгээд байгаа юм биш
МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас хоёр ч хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд буюу хуулийн хугацаанд тэрбээр АТГ-т очиж мэдүүлэг тайлбар өгөөгүй байгаа. Тиймээс түүнд дээрх газраас таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Өөрийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж “гүрийсэн” Н.Энхбаяр даргыг энэ мягмар гаригт Төрийн ордонд байхад нь АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн. Түүнээс гадна Н.Энхбаяр даргыг БНСУ руу эмчилгээндээ явахад нь Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгууллалтын сайд З.Баянсэлэнгэ хоёр батлан даагчаар авчээ. Өөрөөр хэлбэл, хоёр сайд Н.Энхбаяр гэгч хүнийг мэдүүлэг тайлбар өгүүлэх үүргийг хүлээсэн хүмүүс аж. Гэтэл тэд даргыгаа АТГ-т аваачиж мэдүүлэг өгүүлэхгүй байгаа юм. Ямар шалтгаанаар тайлбар өгөхгүй гээд байгаа талаар батлан даагч З.Баянсэлэнгээс зарим зүйлийг тодруулав.
-Та Н.Энхбаяр даргыг батлан даагчаар авсан юм байна. Түүнийг хуулийн хугацаандаа мэдүүлэг тайлбар өгөхгүй байна гэсэн үндэслэлээр албан бичиг өөрт нь өгсөн?
-Хоёр хоногийн дотор юу болоод байгааг би сайн мэдэхгүй. Ажил гэж гүйсээр байгаад нуруу минь татаад эмнэлэгт хэвтсэн байна. АТГ-ынхан Шадар сайдын өрөөнд дайрч давшилж орсон гэх мэдээлэл бол авсан. Би худлаа яриад яах вэ, эл асуудал үнэн зөвөөрөө шийдэгдээсэй гэж хүсч байна. Ц.Цолмон сайд бид хоёр Н.Энхбаяр даргын батлан даагч мөн.
-Ямар хэрэг дээр батлан даагчаар нь авсан юм бэ?
-Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнд заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Ямар хэрэг вэ гэхээр намын байрны асуудал дээр шалгагдаж байгаа хэрэг юм. Уг нь бол шалгаж байгаа цаг хугацааг нь хөөгөөд үзэхээр энэ асуудал аль эрт дууссан байгаа юм. Манайх намын байраа намынхаа нэрээр аваад, сонгуулиас өмнө нүүж орсон. Тэр хугацаанаас хойш бүх асуудал цэгцлэгдсэн. Гэтэл өмнөх шийдэгдсэн хэрэг дээр дахин хэлмэгдүүлж байгаа. Тухайлбал, даргыг “Өргөө” зочид буудалд оролцсон гэдэг. Дандаа худлаа, зохиомол хэрэг хүлээлгэж хэлмэгдүүлсэн. Энэ хэрэгт Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр гэж хүнийг ялласан. Гэтэл дээр нь Н.Энхбаяр гэж хүнийг яллахаар шалгасан. Бүх хэрэгт гүтгэж ялласан байдаг. Асуудал эцэслэгдэж, Өршөөлийн тухай хууль гараад өршөөлд хамрагдсан хүн. Гэтэл удалгүй энэ байрны асуудлыг дахин гаргаж ирж хэрэг үүсгэсэн.
-Н.Энхбаяр гэж хүнийг л энэ төрд гаргахгүй гэсэн оролдлого гэж танай намынхан яриад байгаа?
-Үнэн. Ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулаад шалгаад байх сонирхол байна гэсэн үг. Одоо шалгагдаж байгаа асуудлыг уг нь анх цагдаагийн байгууллагаас иргэний журмаар шийдвэрлэгдэх хэрэг байна гэхэд, УЕП-оос хавтаст хэргийг татаад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагыг шалга гэсэн. Гэтэл АТГ-аас “наадах чинь танай асуудал биш манайх шалгах хэрэг” гээд татаад авчихсан юм билээ. Иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгосон нь ойлгомжтой. Тэгээд Цолмон сайд бид хоёр яалт ч үгүй батлан даагчаар авсан юмаа.
-Н.Энхбаяр дарга өөрийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж гүрийгээд байгаа бололтой. Та хоёр мэдүүлэг өгүүлэх үүргийг бичгээр хүлээсэн байгаа юм билээ. Яагаад хуулийнханд үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ?
-АТГ-аас өөрсдөө хэргээ нотол гэдэг. Н.Энхбаяр дарга өмнөх хэрэг дээрээ ч мөн адил. Хүн өөрийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан эрхтэй. Тэр эрхийнхээ дагуу “Хэрэв та нар намайг гүтгэж, хэрэг тулгаж байгаа бол нотлох баримтаа цуглуул. Би өөрийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж хэлсэн нь үнэн. Харин бид нарын зүгээс АТГ-т тавьж байгаа шаардлага гэвэл өөрсдөө нотлох баримтаа цуглуул. Гадаадын нөхдүүдэд гар хөлд болсон хүмүүсээс хангалттай нотлох баримтыг нь цуглуулж ол гэсэн шаардлагыг тавьж байгаа. Н.Энхбаяр дарга өөрөө бол мэдүүлэг өгөхгүй гээд байгаа юм байхгүй шүү дээ. Гагцхүү эд нар маш хурдан сонгуулийн өмнө яаравчлан энэ хэргийг шийдэх гээд улайраад байна. Ямар ч хамааралгүй хэрэг дээр ял аваад байна гэж байхгүй шүү дээ. Хоёр хүний өргөдлийг нотлох баримт болгосон. Хүн ямар ч өргөдөл бичээд үүнийг шалга гээд өгч болно биз дээ. Хуулийнхан энэ өргөдлийг үнэн үү, зөв үү гэдэг талаас нь шалгах үүрэгтэй байтал тийм биш. АТГ-ын хувьд дээрээс ороод ирсэн хэрэг учраас Н.Энхбаяр гэдэг хүнийг явуулах л ёстой гэсэн хандлагаар ажиллаад байна.
Нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Н.Энхбаяр гэж хүн мэдүүлэг өгөхгүй гэсэн юм байхгүй ээ, үүсээд байгаа асуудал нь маш хурдан явцтай өрнөөд байна. Хууль шүүхийн тогтолцоо нэг хүнтэй ажиллах ёстой гэж Үндсэн хуулинд заагаагүй л баймаар юм. Хүн бүр тэгш эрхтэй. Гэтэл энэ хүнийг дахин хэлмэгдүүлж байгаад бид айж байна.
-Шадар сайдаар томилох асуудал хүчтэй яригдаж байгаад намжив?
-Яагаад Шадар сайд болж болохгүй гэж. Бид нар Шадар сайд болгох гээд улайраад байгаа биш. Өнөөдөр энэ хүнийг дахин хэлмэгдүүлэх гээд байна гэдгийг баримтаар баталгаажуулж авч байна. 2016 оны сонгуульд оролцуулахгүй юм байна гэдгийг харж сууна. Ял эдлээд дууссан хүнийг хүнийг ялтай гэж зарлаж байна. Төрийн өршөөл уучлалд хамрагдсан хүнийг ялтай гэж хэлж болохгүй. АТГ-ынхан “мэдүүлэг өгөхгүй байна” гэж яриа гаргаж байгаад л дараа нь баривчлана гэдгээ л харуулаад байх шигээ. Магадгүй баривчилсаны дараа “Мэдүүлэг өгөхгүй байсан юм чинь” гэж ярьж мэдэх л хүмүүс. Ийм л найруулгатай жүжгийн эхлэл тавигдлаа даа.