Н.Энхбаярыг Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ хоёр батлан даажээ
Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа талаар мэдээллэсэн. Улмаар АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар батлан дааж, Н.Энхбаярыг дуудсан цагт хариуцан ирүүлж байх үүргийг бичгээр хүлээн авсан байна.
АТГ-ынхан Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд дайрж орсон гэх мэдээллийн тухайд АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэхдээ “Дайрч орсон асуудал байхгүй. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаагч түүний байгаа болон товлосон газарт очиж уулзах саналыг хүргүүлсэн. Авлигатай Тэмцэх Газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна” гэв.