Н.Энхбаяр АТГ-ыг гэр бүлийг нь сүрдүүлэхгүй байхыг анхааруулсан бичиг өглөө
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-ын албан бичигт хариу өгсөн бөгөөд түүний АТГ-т явуулсан албан бичгийн хариуг бүрэн эхээр нь толилуулья.
АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-т
2016.03.23 Улаанбаатар хот
Танай 06/1810 тоот бичгийн хариу
Танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг хоморголон хэлмэгдүүлэх, МАХН-ыг элдвээр шахан дарамтлах хууль бус үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулж байгаа бөгөөд ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам та нарын явуулж буй энэхүү адал балмад үйл ажиллагаа улам эрчимжиж байна. Энэ бүхэн нь Н.Энхбаяр ба МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх цорын ганц зорилготой гэдэг нь та бүхний илэрхий хууль бус улайрсан үйл ажиллагаанаас харагдаж байна.
Тийм учир би та бүхний улс төрийн захиалгаар явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, та бүхний захиалгаар дэглэсэн “жүжигт тоглохгүй” гэсэн байр суурийг баримталж ирсэн юм.
Та нар 2009 оноос хойш намайг хэлмэгдүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хууль бус явуулсан, үндэслэлгүйгээр ял төлөвлөсөн, та нартай үгсэн хуйвалдсан прокурор, шүүхийнхэн тэр ажиллагааг чинь дэмжиж надад хүчээр, хууль бусаар, үндэслэлгүйгээр ял тулгасан гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа.
Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын зөвшөөрөл нь байсаар байтал намайг тэр газрыг үнэгүй авч Улаанбаатар хотод их хэмжээний хохирол учруулсан мэтээр гүжирдэж, ял тулган өгсөн, тухайн үед миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой хамтран бизнесийн төсөл хэрэгжүүлж, тийнхүү хэрэгжүүлэхдээ тухайн объектыг шинээр үнэлүүлж, Улаанбаатар хотын мэдлийн өмчийн үнийг даруй 3 гаруй дахин нэмэгдүүлсэн байхад нэгд, надтай холбоотой асуудал мэтээр хүчээр надад хамаатуулан тулгаж, хоёрт, Улаанбаатар хотын өмчийг үнэгүй завшсан мэтээр гүжирдэж, хүчээр тулган ял оногдуулсан билээ.
Та нар иймэрхүү байдлаар гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж ирснийг би сургаар биш харин горыг нь өөрийн биеэр амсч, эрх, эрх чөлөөгөө алдан хохирч, яс махандаа шингэтэл мэдэрч мэдсэн тул та нарын одоогийн явуулж байгаа хууль бус үйл ажиллагааг харсаар, мэдсээр байж тэр бүхнийг дэмжих нь миний хувьд хэлмэгдүүлэлтийг зөвшөөрсөн мэт болох тул та нарын хууль зөрчсөн ажиллагаанд хамтран оролцохгүй гэдгээ дахин мэдэгдэж байна.
Түүнчлэн АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь чухам ямар хэргийг шалгах эрхтэй вэ? гэдгийн талаар хуулиар тодорхой заасан байхад танай байгууллага тэр эрх мэдлээ хэтрүүлэн танай байгууллагын шалгах ёсгүй залилангийн гэх хэрэг (МАХН-ын байрлаж байгаа цагаан байшинтай холбоотой маргааны асуудал нь эрүүгийн биш иргэний шинжтэй гэдгийг эрүүл саруул ухаантай хүн, тэр тусмаа хуульчид нотолдог), гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх хэрэг (цэвэр зохиомол хэрэг)-ийг Н.Энхбаяртай хүчээр холбогдуулан шалгаж байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэдгийг давхар нотолж байгаа юм. Энэ талаар би өмнө нь АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар)-ын мөрдөн байцаагч нарт анхааруулан хэлж байсан боловч хэргийн харъяаллыг өөрчлөх талаар танай байгууллагаас санаачлага гаргасан нэг ч алхам өдий хүртэл хийгээгүй билээ. Энэ талаар заавал би, эсхүл миний өмгөөлөгч гомдол гаргахыг хүлээлгүй, өөрсдөө алдаа дутагдлаа засахын тулд санаачлагатай ажиллах ёстой гэдгийг сануулъя.
Та нар үнэнийг олж тогтоохын төлөө явж байгаа улс биш гэдгийг нотлох өөр олон баримт бий. Хамгийн сүүлд гэхэд АТГ буюу ГЭТГ (Ганцхан Энхбаяртай Тэмцэх Газар) нь улс төрийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүний тухай зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь тодорхойлж өгдөг эрх, үүрэгтэй атлаа Н.Энхбаярын хувьд болохоор эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж, түүний тухай ялтай байгаа мэтээр санаатайгаар худал дүгнэлт гаргасан билээ. Та нар тэгтлээ хууль мэддэггүй, мэдлэг боловсролгүй хүмүүс үү? Үгүй гэж бодож байна. Гэтэл яагаад ийм бусармаг, хууль бус үйл ажиллагаа явуулаад байна вэ? Энэ асуултад ганцхан хариулт байгаа нь тодорхой. Энэ бол: улс төрийн захиалгаар гэсэн хариулт. Энэ мэтээр танай байгууллага алхам тутамдаа наанаа хуулийн нэр барьж байгаа мэт дүр эсгэх боловч үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэж, нийгэмд айдас хүйдэс төрүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдан зөрчиж байгааг шударга олон түмэн ойлгохын цаадхаар ойлгож, зэвүүцэн дургүйцэж, энэ балмад үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байгааг та нар ойлгох цаг аль хэдийний болжээ. Эцсийн эцэст та нарын өндөр цалин хангамжийн зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө санхүүжүүлж байгааг дахин сануулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн эрх ард түмний гарт байгаа гэсэн маш чухал зарчмыг хуульчлан баталгаажуулсан байхад та нар тэр эрх мэдэл нь улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн гарт байгаа мэтээр узэж, өнөөдөр тэднийхээ шууд болон шууд бус байдлаар огч буй захиа даалгавраар улс төрийн өрдөлдөгч болох Н.Энхбаяр болон МАХН-ыг илэрхий хууль бус аргаар мордөн мөшгиж байгаа, ард түмнийг айлган сүрдүүлж, нийгмийг хагалан бутаргаж, бизнес эрхлэгчдийг айлган дарамталж байгаа зэрэг хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа төлөө хожмын нэгэн өдөр хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулж байна.
Аливаа дарангуйлал эрт орой хэзээ нэгэн цагт нурж унадаг шүү гэдгийг дэлхийн болон Монголын түүх бэлхнээ нотлон харуулсан.
Би алхам тутамдаа хууль зөрчин ажиллаж байгаа та бүхэнтэй зөвхөн өмгөөлөгчтэй хамт байж уулзаж учрахаас өөр аргагүй байдалд байгаа. Гэтэл өмгөөлөгчид та бүхний явуулж буй хууль бус үйл ажиллагаанаас болж надтай хамтран ажиллавал үнэн мөнийг олж тогтоож чадахгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж чадахгүй, тэр байтугай өөрсдөө ч хэлмэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа учир надтай хамтран ажиллахаасаа татгалзаж байна.
Тийм учир би та нарын хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу сөрөн зогсох эр зоригтой бөгөөд чадвартай өмгөөлөгч олохоор хөөцөлдөж, холбогдох байгууллагуудад хандсан. Тэр байгууллагаас надад өмгөөлөгч олж өгвөл би зөвхөн өмгөөлөгчтэйгээ хамт та нартай уулзах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж болно гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Үндсэн хуулинд иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөлөөлөгчтэй хамт байж байцаан шийтгэх аливаа ажиллагаанд орох эрхтэй хэмээн заасан байдгийг та бүхэнд анхааруулан сануулъя.
Эцэст нь танай байгууллага улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, хамтран зүтгэгчдийг элдвээр дарамталж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоож, надтай холбоотой мэтээр үүсгэсэн зохиомол хэргүүдээ хаах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг анхааруулан хэлье.
ЖИЧ: Өмгөөлөгч Оргилын надтай хамтран ажиллахаасаа татгалзсан бичиг, МӨХолбоонд хандан надад өмгөөлөгч олж өгөхийг хүссэн бичгийг хавсаргав.