ТОЙМ: Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллалаа

2016 оны 3 сарын 23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан,

 

орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Улсын Их Хурлын даргын Завхан аймагт ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2016 оны 03 дугаар сарын 21. Даваа гараг.

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Орон сууцны ипотекийн зээлийн хүү 5 хувь болж, малчны зээлийн хүүг бууруулсантай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2016.03.21/ Завхан аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллалаа.

Тус салбарын захирал Б.Эрдэнэбаатар Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа, Төрийн банкны 26 салбар Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт санхүүгийн зах зээлийн 30 хувьд ажиллаж байна. Малчид “Сайн малчин” хөтөлбөрийн болзлыг хангаж чадвал 1424 зээлдэгч нийтдээ 265 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэлээ.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр Төрийн банкинд үйлчилгээ авахаар ирсэн малчдад “Сайн малчин” хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас энэ арга хэмжээг авч байгааг дуулган, малаа эрүүл байлгаж, махаа экспортлох боломж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын дарга аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт ажиллан, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус төв 2014 оны 05 дугаар сард шинэ байраа ашиглалтад оруулсан талаар Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Т.Ариунаа Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Үүний дараа Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус коллежийн захирал Т.Мөнхбаатар үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. 1963 онд Монгол Улсад барилгын мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 2014 онд Политехник коллеж болон өргөжжээ. Өнөөдөр “Баялаг бүтээх чадамжтай иргэн бэлтгэж, төлөвшүүлэх” зорилгын хүрээнд сургалтын алба, захиргаа аж ахуйн албатай 80 гаруй багш ажилтан, 1000 орчим суралцагчидтайгаар 17 мэргэжлээр мэргэжлийн боловсролын, 3 мэргэжлээр техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Улсын Их Хурлын дарга Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Завхан аймгийн Алдархаан суманд ажилласан юм. “Ган Доной” ХХК тус суманд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр амины орон сууцны загвар барьжээ. 80м2 талбайтай, гарааштай, 3 өрөө орон сууцны 1м2-ын үнэ 950.000 төгрөг юм байна. Сумын удирдлагууд төрийн албан хаагчид, залуучуудаа сумандаа амьдрах сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй уулзалт хийв

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдав. Бүгд 426 хууль 64 тогтоол баталсан, бие даасан хууль 29, нэмэлт, 355 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Улсын Их Хурлын дарга танилцуулгын эхэнд, Эрүүгийн, Зөрчлийн болон Өршөөл үзүүлэх тухай хууль мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тэрээр шинээр батлагдсан хуулиудыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс уншиж, танилцах боломжтой. Монгол Улс даяар үнэ төлбөргүй тараагдаж байгаа учраас Та бүхэн Засаг даргын Тамгын газрын иргэний танхим болон номын сангуудаар гар утас, компьютер дээрээ цахим хэлбэрээр үнэ төлбөргүй татаж авч болно гэдгийг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр дурдсан.

Мөн бондын хөрөнгөөс зээл авч, үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих үүднээс Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан болохыг иргэдэд танилцууллаа.

Иргэдийн амьдралд төдийгүй улс орны эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлж буй ипотекийн зээлийн хүүг бууруулахаар Улсын Их Хурал, Засгийн газар шийдвэрлэснээр иргэдэд их хэмжээний хөнгөлөлт болж байгаа талаар ярьж, тооцоолол хийж үзүүлсэн юм.

Цаашлаад малын гаралтай олон түүхий эдийг биотехнологи, нанотехнологийн түвшинд боловсруулвал шинэ боломж нээгдсэн, энэ төрлийн эхний үйлдвэрлэл Монгол Улсад явагдаж, экспортолж байгаа талаар танилцууллаа. Тогтмол нөхөгддөг, хязгааргүй боломжтой хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд Засгийн газраас эхний ээлжинд “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр тайлбарлан, мэдээлэл өглөө.

Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав үг хэлэв. Тэрээр Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолтын үеэр Завхан аймагт ажиллахад нь багийн бүрэлдэхүүнд ажиллаж байна гээд орон нутгийн боловсролын салбарыг чанаржуулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч, үр дүнг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг иргэдийн сонирхсны дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр төрийн бодлогод малчдын санал, хүсэлтийг тусгах чиглэлээр Улсын Их Хурлын даргыг дагалдан ажиллаж байгаагаа хэлж байв.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр /2016.03.22/ Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр сумын удирдлагууд цаг үеийн мэдээлэл танилцуулав.

Тосонцэнгэл сум нь 8837 хүн амтай төсвийн байгууллагад 664 хүн ажиллаж, аж ахуйн нэгжид 600 гаруй хүн хөдөлмөр эрхэлж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 1589 иргэн байгаа бол 676 малчин өрх байдаг байна.

Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Тосонцэнгэл сумын иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн олон нийтийн дунд буруу тайлбарлагдан, яригдаж буй улсын өрийн талаар танилцууллаа. Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд зээлээ төлөх чадваргүй тохиолдолд өр болдог талаар тайлбарлан, Монгол Улс зээлээ төлөх чадамжтай хэмээн гаднын улс орнууд зээл өгч байгаа учир хөгжлийг түргэсгэх зорилгоор зээл авсан. Энэ нь аюултай нөхцөл байдал биш бөгөөд бусад орнуудын энэ төрлийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээлэл танилцуулсан юм.

Завхан аймгийн иргэдэд Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудыг танилцуулсан энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив болон албаны бусад хүмүүс байлцав.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30474
0 эможи
keyboard_arrow_up