О.Баасанхүү "од" болж Засгийн газар ганхах нь
УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгийн таарамжгүй харилцаанаас үүдэж дахиад л Засгийн газар ганхаж эхлэх нь дээ. Засгийн газар ганхах нь улс төрчдөд, УИХ-д суудалтай намуудад огтхон ч нөлөөлөхгүй. Харин хэнд ч гай бололгүй, мөрөөрөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа жирийн ард иргэдийн амьдрал ахуйд л хүндээр туссаар ирсэн гашуун туршлага бий.
Тэгвэл Засгийн газар яагаад дахин ганхах болов гэдгийг энгийнээр тайлбарлах гээд оролдьё. Яагаад оролдлого хийх гээд байна вэ гэвэл, одоогийн улс төр ба түүн дотор явагдаж буй үйл ажиллагаа, хуувилдаан, тохироог миний бие ойлгож гүйцэхээ болиод байгаа юм. Тиймээс л энгийнээр ч болов тайлбарлах гээд үзье гэсэн юм.
Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар "Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж, бүлгийн дарга Н.Батцэрэгтээ албан бичгээр хүргүүлэв. Ингээд УИХ дахь "Шударга ёс”эвслийн бүлэг есүүлээ боллоо. Харин бие даагчид тав болж нэмэгдэв.
Есөн гишүүнтэй бүлэг байж болно. Харин найм болчихвол арай өөр асуудал үүсчих гээд байгаа юм. Энгийнээр УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлэг тарах хэмжээнд хүрч асуудал яригдах юм. Одоогоор Л.Цог, Г.Уянга нар хасагдах мэдэгдлээ өгчихсөн учраас ес болоод байгаа. Тэдэн дээр хэн нэгэн нэмэгдвэл бүлгийг тараах хэмжээнд хүрч болзошгүй.
Хэрвээ бүлэг тарчихвал хамтарсан Засгийн газар ч дагаад ганхах аюултай болно. Бүр эвслийн бүлгийн дагаад Засгийн газраа буулгах, эсвэл нэгэн цагт хөөж байсан МАН-тайгаа нэгдэх гэсэн сонголт дээр тулж болзошгүй байдал бий болчихлоо л доо.
Тэгвэл Л.Цог, Г.Уянга нар дээр хэн нэмэгдэж магадгүй вэ гэвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гэж хэлнэ. Тэрээр Л.Цог, Г.Уянга нартай нэгдэж, МАХН-ын дарга Н.Энхбаярын үгийг үл тоон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж байсан гишүүн. Одоо ч Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаж, "боекотлосоор” байгаа.
Ер нь бол МАХН-даа шоовдорлогдсон, албан тушаалгүй үлдсэн ганц гишүүн л дээ. МАХН-ын гэх тодотголтой "оймсонд хавчуулагдсан” түүнээс бусад гишүүд нь аль эрт албан тушаалд очиж, эрх ямбаа эдэлцгээж, даргынхаа буяныг хүртэж суугаа. Харин О.Баасанхүү л ганцаараа "хоосон”. Үүндээ гоморхож, шаралхаж нэг хэсэг л намын даргатайгаа түнжин хагарч, дэд сайд асан Б.Тулгад хүртэл "шанаадуулаад” л авсан хүн. Тэгвэл одоо түүний үнэд орох цаг ирж, хуульд ямар нэгэн өөрчлөлт орчихоогүй л бол О.Баасанхүү Монгол Улсын Засгийн газрын хувь заяа, УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгийн хувь заяа бүрэн атгаж сууна шүү дээ.
Дахиад л энгийн тайлбар хийхэдО.Баасанхүү "авдрын түлхүүр атгагч” цорын ганц үнэ цэнэтэй тоглогч болоод хувирчихлаа. Сонин юм шүү. Саяхан л О.Баасанхүүг ад үзэж, хэвлэлээр нэг "өрөвдөө” биз дээ. Тэгсэн өнөөдөр Монголын улсын төрийн гол тоглогч нь болчихсон л явж байх юм. Азтай, одтой хүн гэж түүнийг л хэлэх байх. "Оймсонд хавчуулагдаж” УИХ-д орж ирсэн шиг ээ, одоо намынхаа, бусад намынхны, Засгийн газрын цаашлаад Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэх эрхэм хүн болтлоо аз эз нь шовоосон байх нь.
О.Баасанхүү гишүүний сүүлийн гурван жил гаруй хугацаанд ярьсан "шударга улс төр”-өөр бол тэрээр тун удахгүй намаасаа, эвслийн бүлгээсээ гаргах мэдэгдлээ хийнэ. Гэвч тохироо яаж ч хийгдэх юм билээ. Намын дарга нь түүнийг яаж ч шагнах юм билээ, бүү мэд. Гэхдээ О.Баасанхүү "no" гэвэл УИХ-ын гишүүн мөн л МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва гэх дараагийн хувилбар бий. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн олон жил улс төрд амьдарсан хүн О.Баасанхүүгийн илүү нүүдлийг харалгүйгээр аль эрт тохироогоо хийчихээ биз дээ.