Ж.Сүхбаатар: Намын дүрмийн дагуу Г.Шийлэгдамбад хариуцлага тооцно
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан байна.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Б.Тулга болон МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Н.Давааням нар мэдээлэл хийлээ.
Гүйцэтгэх товчооны ээлжит хурлаар МАХН бусад намуудтай хамтрах, эвсэх асуудлуудыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Тодруулбал, Ногоон намтай эвсэх асуудлыг судлах ажлын хэсэг болон МАН-тай эвсэх буюу хамтрах ажлын хэсгүүдийг байгуулжээ. Түүнчлэн Засгийн газарт Ардчилсан намтай хамтрахаар байгуулсан гэрээний биелэлт, үр дүнг судлах ажлын хэсгийг байгуулсан байна.
Мөн хурлаар намын ёс зүйн хорооноос тодорхой мэдээлэл хийсний дагуу нэр бүхий гишүүдэд хариуцлагын арга хэмжээ авахаар болсныг онцоллоо. Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын асуудлыг хэлэлцсэн байна. Тэрээр намын дүрмийн холбогдох зүйл заалтуудыг ноцтой зөрчсөнөөс гадна өөрийн хүсэлтээр намын Ерөнхий бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг үндэслэн хурлаар ЕНБД-ын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Цаашдаа дүрмийн дагуу Г.Шийлэгдамбыг Гүйцэтгэх товчооны гишүүн, бага чуулганы гишүүнээс эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, намын дүрмийн дагуу хариуцлага тооцно гэдгийг Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар мэдэгдлээ.
Түүнчлэн намын ёс зүйн хорооны зүгээс цаашдаа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогийн асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах болно гэдгийг тус хорооны дарга Н.Давааням мэдэгдсэн юм.
МАХН-ын гишүүн Л.Цог болон МҮАН-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр эвслийн бүлгээс гарах хүсэлтээ албан ёсоор уламжилсан. Энэ талаар намын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас тодруулсан юм.
Тэрээр “Дөнгөж сая хэвлэлийн хурлын өмнө ийм мэдээлэл гарч байна. Бид одоогоор яг тодорхой мэдсэн зүйл алга. Гэхдээ нэр бүхий гишүүд эвслийн бүлгээс гарна гэдэг нь аль эртнээс л тодорхой байсан. Хэлж байгаа үг, хийж буй үйлдлээрээ эвслээс гарна гэдгээ удаа дараа илэрхийлж байсан шүү дээ. Магадгүй хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлийн эрх ашгийн төлөө эвслээс гарч байгаа байх. Мэдээж улс төрийн сонголтоо хийх, нам эвслээс гарах эсэх нь хувь хүний бүрэн эрхийн асуудал” гэлээ.