Г.Баярсайхан сайд дэлхийд өрсөлдөх Монголын багт амжилт хүслээ

2016 оны 3 сарын 21

Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн  зөвшөөрөгдсөн бас нэгэн дэлхийн тэмцээнд манай улс анх удаа оролцох гэж байна. Олон улсын Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ сарын 23-28-нд Францын Бордо хотноо болох бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийн олимпод анх удаа оролцох багт Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр Хөдөлмөрийн яаманд боллоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Абилимпийн багийн гишүүдэд Францын тэнгэрт мандуулах Төрийн далбааг гардуулж өгсөн юм. Тэрбээр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөгөөд “Монгол залуус ур чадвараа дэлхийд үнэлүүлэх анхны тэмцээн өнгөрсөн жил Бразилийн Сан Пауло хотноо болсон. Энд манай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын залуус тун амжилттай оролцож монгол хүний ур ухааныг дэлхийд гайхуулаад ирсэн. Энэ удаа та бүхний минь ээлж ирлээ. Дэлхийн 37 орны хүмүүстэй эн тэнцүү өрсөлдөж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирнэ гэдэгт та бүхэнд бид итгэж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн яам дэлхийд өрсөлдөх Монголын багийг тодруулах “Ур чадвар-2015” тэмцээний бэлтгэлээс эхлээд эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг олон улсын тавцанд гайхуулах 11 оролцогчийн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагаанд дэмжин оролцсон билээ. Тиймээс энэ тэмцээн бол та бидний хамтын хүчин чармайлтын үр дүн байх болно” хэмээсэн юм.

Дэлхийн 35 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Абилимпийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн шилдгийг нь сонгох замаар олон улсад болон нийгэмд тэднийг сурталчлах зорилготой тэмцээнийг гишүүн орнуудынхаа дунд гурван жил тутам зохион байгуулдаг. Манай улс энэ байгууллагад 2015 онд элссэн. Анхдугаар тэмцээнийг 1981 онд буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жилийг тохиолдуулан Токио хотноо Японы Эзэн хааны ивээл дор зохион байгуулж байсан бол энэ удаагийн буюу Олон улсын Абилимпийн ес дэх тэмцээнийг Францын Ерөнхийлөгч ивээн тэтгэж өөрийн оронд зохиохоор болсон байна.

Бордо хотноо болох уг тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорино. Оролцогчдоос гадна шүүгч, үзэгч, дэмжигч гээд нийтдээ 80 мянга гаруй хүн цуглах дэлхийн хэмжээний энэ тэмцээнд оролцох Монголын багийн 11 гишүүн хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэб сайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах гэсэн мэргэжлээр өрсөлдөх юм. Багийн гишүүдийн хоёр нь тулгуур эрхтэний, найм нь сонсголын, нэг нь харааны бэрхшээлтэй ч эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа бусдыгаа манлайлсан уран гартнууд билээ.

Дэлхийн тавцанд анх удаа эх орноо төлөөлөх алтан гартай мэргэжилтнүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар-2015” тэмцээнээс тодруулсан. Ур чадварын тэмцээнийг нийт 14 төрлөөр явуулснаас 11-ийнх нь ялагч Францыг зорих эрх гардсан бөгөөд тэд маргааш Францыг зорино.

Багийн гишүүдийг танилцуулж байна

1.Хог хаягдал дахин ашиглах төрөлд МТИҮХ-ны ажилтан Б.Болормаа

2.Уран зураг зурах төрөлд Ч.Тунгалагтуяа

3.Оёдлын  төрөлд “Түмэн буян” үйлдвэрийн оёдолчин Л.Оюунчимэг

4.Арьсан урлалын төрөлд Т.Мөнхтуул

5.Компьютер угсрах төрөлд МХҮХ-ны ажилтан Б.Зоригт

6.Нарийн боов хийх төрөлд Б.Дашням

7.Уран зураг, вааран эдлэлийн урлал төрөлд МДИУХ-ны тэргүүн, зураач Б.Ганзориг

8.Веб сайт хийх, системийн удирдлага төрөлд СИМХЗҮТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганбаяр

9.Тогоочийн төрөлд Г.Тамир

10. Модон сийлбэрийн төрөлд сийлбэрчин Г.Шижирбаатар

11.Мотоцикл угсрах төрөлд автын механикч Г.Шижир-Эрдэнэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30382
0 эможи
keyboard_arrow_up