УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж байна

2016 оны 3 сарын 21

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт /2016.03.20/ Говь-Алтай аймагт үргэлжилж байна.

Улсын Их Хурлын даргыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын удирдлагууд угтан уулзсан бөгөөд энэ үеэр АИХ-ын депутат асан С.Пүрэвдорж уулзсан юм.

Тэрээр Монгол Улс сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын экспортоо дэмжиж байгаа нь тун зөв зүйтэй бодлого юм. ОХУ, БНХАУ болон Вьетнам Улс руу мах экспортлох яриа хэлэлцээрийг хийж чадсан нь амжилт бөгөөд малчид стандарт, шаардлагыг хангасан мах бэлтгэж чадах юм бол малчдын хувьд орлогын баталгаатай эх үүсвэр болно. Ирэх сараас Бургастайн боомтоор таван аймаг мах эскпортолж эхлэх бөгөөд цаашид Говь-Алтай аймагт экспортын шаардлагыг хангасан махны үйлдвэр байгуулах шаардлагатай. Тэгвэл алслагдсан аймгийн малчид урд хөрш рүү махаа экспортолж, орлогоо бодитойгоор нэмэгдүүлнэ хэмээн хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар ярилцсан юм.

 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Говь-Алтай аймгийн төвд ажиллан, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцав. Аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэнд, спортын яамнаас Япон Улсад үйлдвэрлэгдсэн Nipro Plus-55, Nipro HSU-18 маркийн 2 аппарат нийлүүлжээ. Мөн гемодиализ эмчилгээнд шаардлагатай А, В уусмал болон диализатор, магистрал зэргийг нийлүүлсэн байна.

 

Тус тасгийн нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон аймгийн удирдлагууд оролцсон юм. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал Улсын Их Хурлын даргад тасгийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.  

Гемодиализ эмчилгээ нь бөөр орлуулах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах зорилготой. Бөөр, шээсний замын өвчлөл 2015 оны байдлаар аймгийн  хэмжээнд халдварт бус өвчлөлөөр 2 дугаар байранд ордог байна. Тус аймагт бөөрний архаг дутагдалтай 19 хүн байдгаас гемодиализ эмчилгээнд орох шаардлагатай 5 хүн байна. Шинээр суурилагдсан аппаратаар 3 хүнд 7 хоногт 3 удаа гемодиализийн эмчилгээ хийхээр тооцон  ажиллаж байгаа юм байна. 

Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэнг үзэж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30378
0 эможи
keyboard_arrow_up