УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

2016 оны 3 сарын 21
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2016.03.20/ орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан, бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнг сонирхлоо. 
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Мянганбуу Улсын Их Хурлын даргад аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын дарга эхлээд эсгий, ноос угаах үйлдвэрлэл эрхэлж, үүний зэрэгцээ дарсны үйлдвэрлэл эрхэлдэг “Ентүм” ХХК-ийн бүтээгдэхүүнийг үзэж, үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзаж, ярилцав. Тус компани 1995 онд эсгийний үйлдвэр ашиглалтад оруулжээ. 2003 онд өргөтгөл хийснээр жилд 90.0-100.0 метр эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Цагаан болон бор эсгий үйлдвэрлэж, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод 40 гаруй цэгээр борлуулдаг талаар тус компанийн гүйцэтгэх захирал Х.Мягмардаш Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Мөн хоногт 12 тн ноос угаах хүчин чадалтай ноосны үйлдвэр, төмөр бетонон тулгуурын үйлдвэрлэл эрхэлдэг байна. Үүний зэрэгцээ жимсний аж ахуй эрхэлж, 1994 оноос дарсны үйлдвэр явуулж эхэлжээ. Чацарганы дарс, цэвэр тос, шүүс зэрэг бүтээгдэхүүнийг Болгар Улсын шилдэг технологи, Монгол орны цэвэр байгалийн гаралтай чацарганаар монголын эрдэмтдийн олон жилийн туршилт, хөдөлмөрийн үр дүнд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. 
Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн жилд 3-4 удаа болдог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, дарс зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эсгий, ноос угаах, сур, суран эдлэл, оёдол болон модон эдлэл, барилгын материал үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.
Үзэсгэлэнг Улсын Их Хурлын дарга үзэж, бүтээгдэхүүнүүдийг сонирхон, үйлдвэрлэгчидтэй уулзаж, ярилцсан юм. Тэрээр Улсын Их Хурлаас 2015 оны хаврын чуулганаар батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар танилцууллаа. Энэ хуулийг баталсантай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан. Мөн дэвшилтэт, өндөр технологи бүхий экспортод чиглэсэн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Экспортын үйлдвэрлэлийг төрөл бүрийн арга хэрэгсэлээр дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5 хувиас 20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байгаа талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулж, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр зарим нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх боломжийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцаж, санал солилцсон юм. 
Тус аймагт нийт 1055 гаруй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 210, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 268, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл 280, барилгын материалын үйлдвэр 64, худалдааны чиглэлийн 52, засвар үйлчилгээ, боловсруулах болон бусад чиглэлээр 181 үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эдгээр үйлдвэрүүдэд 2500 гаруй хүн ажилладаг байна. 2015 онд нийт 1 тэрбум 606.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1 тэрбум 747,7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс үйлдвэрлэл 9.5 хувиар өсч, борлуулалт 1.6 хувиар буурсан талаар Улсын Их Хурлын даргад аймгийн удирдлагууд танилцууллаа. Мөн 2015 оны жилийн эцсийн байдлаар тус аймагт 3500 гаруй гишүүнтэй 130 гаруй  хоршоо байгаагийн 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. 
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал болон албаны бусад хүмүүс ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30355
0 эможи
keyboard_arrow_up