ТОЙМ: Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Улсын Их Хурлын даргын Говь-Алтай аймагт ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2016 оны 03 дугаар сарын 20. Ням гараг.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт Өвөрхангай аймгаас эхэлж, уржигдар /2016.03.19/ Баянхонгор аймагт ажилласан бол өчигдөр Говь-Алтай аймагт үргэлжиллээ.
Говь-Алтай аймагт ажиллахдаа эхлээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцав. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэнд, спортын яамнаас Япон Улсад үйлдвэрлэгдсэн Nipro Plus-55, Nipro HSU-18 маркийн 2 аппарат нийлүүлжээ. Мөн гемодиализ эмчилгээнд шаардлагатай А, В уусмал болон диализатор, магистрал зэргийг нийлүүлсэн байна.
Тус тасгийн нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон аймгийн удирдлагууд оролцсон юм. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал Улсын Их Хурлын даргад тасгийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулах үеэр гемодиализ эмчилгээ нь бөөр орлуулах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах зорилготой гэж танилцуулсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан, бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнг сонирхлоо.
УИХ-ын дарга З.Энхболд үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гаалийн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын дагуу хүнсний зарим бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг дотооддоо үйлдвэрлэж чаддаг барааны одоо мөрдөж байгаа гаалийн импортын тарифын таван хувийн татварын тарифын түвшинг 20 хувьд хүргэх эрхийг Засгийн газарт олгохоор болсон талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн жилд 3-4 удаа болдог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, дарс зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эсгий, ноос угаах, сур, суран эдлэл, оёдол болон модон эдлэл, барилгын материал үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал болон албаны бусад хүмүүс ажиллалаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өглөө. Намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилсэн бөгөөд чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын тухай статистик мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын дарга танилцуулгын эхэнд, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар мөн Анхны Ардчилсан сонгууль болж, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Хамтын тэтгэвэрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийлээ. Тэрээр, Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлснийг графикаар үзүүлэв.
Мөн тэрээр УИХ “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Xүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5%-иас 20% хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдүүлнэ гэв.
Танилцуулгын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Таван толгойд найдаж биш, таван хошуу малдаа найдаж амьдарья” хэмээн уриаллаа. Монгол Улсад мах экспортлох зах зээл байгаа атлаа эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадаагүйн улмаас мах, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломжгүй байгаа талаар онцлоод эрүүл малтай байж, хөрш орнуудын зах зээл дээр хүчтэй өрсөлдөх ёстой. МАА-н үйлдвэрлэл нь маx, сүү, ноос, ноолуур, арьс ширээр хязгаарлагдахгүй. Ялангуяа эрүүл мэнд, гоо сайхан, биотехнолог, экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд Япон болон бусад өндөр хөгжилтэй орны зах зах зээл дээр өрсөлдөөд эхэлсэн байгаа тул хамгийн гол нь малаа эрүүл байлгах шаардлагатай байгааг анхааруулав.
УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн иргэд, хөдөлмөрчдөд 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоолын талаар танилцуулга хийсний дараа иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс