УИХ-ын дарга З.Энхболд “Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” арга хэмжээнд оролцов
2016 оны 3 сарын 21
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймагт ажиллах үеэрээ “Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” арга хэмжээнд оролцлоо.
Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд малын тоо, толгой нэмэгдэж байгаа бөгөөд малчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн удирдлагууд 2015 онд санаачлан, мал төллөх үеэр малчдад туслах ажилтан ажиллуулах арга хэмжээ эхлүүлжээ. “Илгээлтийн эзэд” арга хэмжээний хүрээнд 230 хүнд долоо хоногийн илгээлт өгч, Баянхонгор аймгийн 15 сумын 230 малчин өрхөд ажиллуулжээ. Малчин өрхүүдэд туслахаар ажилласан иргэдийн хөдөлмөрийн хөлсийг аймгийн төсвөөс гаргасан байна.
Энэхүү арга хэмжээ тун үр дүнтэй байсан хэмээн дүгнэсэн бөгөөд малчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ жил үргэлжүүлэн хэрэгжүүлж байгаа аж. Өнөөдөр Баянхонгор сумын төв талбайд илгээлтээр явах иргэд, тэднийг ажиллуулах малчдын төлөөлөл хамтдаа цуглаад байв. Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, 1990 онд нийгмийн байгуулал солигдоход манай улс мал 25 сая толгой малтай байсан. Энэ үед өнөөдрийнхөөс 4-5 дахин олон малчин байлаа, дээр нь илгээлтээр туслах хүн явуулаач гэдэг хүсэлт ирүүлдэг байсан. Өнөөдөр малын тоо толгой 56 саяд хүрсэн ч 200 мянга малчин өрх байна. Мал төллөж байгаа энэ өдрүүдэд ажилд туслах хүн хэрэгтэй байгаа нь аргагүй. Өнөөдрийн малчид 26 жилийн өмнөхөөс тав дахин их малыг гурав дахин бага хүчээр маллаж чадаж байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж 10 хэд дахин өссөн үзүүлэлт. Тиймээс илгээлтээр явах гэж буй залуустаа баярлалаа. Та бүхэн улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Урьд илгээлтээр ажилладаг байсан залууст цалин хөлс өгдөггүй байсан. Харин Баянхонгорын илгээлтийн эздийн хөдөлмөрийн хөлсний талыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, үлдсэн хэсгийг захиалга өгсөн малчин өрх төлөх юм байна. Энэ бол хэн хэндээ ашигтай. Ажилгүй хүн ажилтай болчихно, ажлаа дийлэхгүй байгаа малчин туслалцаа авч байна. Ийм харилцан ашигтай ажлыг зохион байгуулсан Баянхонгор аймгийн удирдлагуудад баяр хүргэе хэмээгээд илгээлтийн эздэд ажлын амжилт хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Баянхонгор аймгийн бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг онцолж байлаа. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар “Сайн малчин” хөтөлбөр баталсан. Малчин өрх бүр сайн малчин болж малаа эрүүл байлган, малчны дансаа ашиглан, нийгмийн даатгалаа төлдөг байх юм бол төр засгаас эдийн засгийн бодит дэмжлэг авч, бага хүүтэй зээл авна. Малаа эрүүл болгосноор улс орныхоо эдийн засагт төдийгүй өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ. Бургастайн боомтоор 5 аймаг мах экспортлох боломжтой болсон. Баянхонгор энэ таван аймгийн нэг юм. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас экспортоо эхлүүлэх бололцоотой. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Өнөөдөр нээлтээ хийсэн махны үйлдвэрт 24 хүн тогтмол ажлын байртай болж байх жишээтэй. Улсынхаа эдийн засгийг солонгоруулах талаар яригддаг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан байгаа, энэ нь манай эдийн засагт хүндхэн туссан. Харин мал аж ахуйн салбараа эдийн засгийн тулгуур болгон хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр малчдаа дэмжих, тэдэнд туслах нь чухал арга хэмжээ юм” хэмээн хэллээ.
Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд энэ арга хэмжээг тусган, энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагджээ. Ажлыг хэсгийг тус үйл ажиллагааг анх санаачилсан Баянхонгор аймгийн Баацагаан сумаас ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа Бат-Очир ахлан ажилласан байна. Баянхонгор аймгийн хэмжээнд 3.7 сая толгой мал байгаагийн 1.5 сая нь төллөх юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 14 хоногийн хугацаанд сумдад ажиллан, малчдаас туслах малчин авах захиалгыг авч, мөн энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй ажилгүй иргэдийг бүртгэжээ. 15 сумын 390 малчнаас туслах хүн ажиллуулах хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр 390 өрхийн нийт 250 мянга орчим толгой мал байгаа, үүний 110 мянга нь төллөх юм байна. “Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” хөтөлбөрт төрийн албан хаагчдыг оролцуулсан байна. 390 илгээлтээр ажиллах хүний 186 төрийн албан хаагч, 204 нь Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа юм байна. Төрийн албан хаагч залуус малчдын амьдрал ахуйтай биечлэн танилцсанаар тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээ чанартай, бодитой болох үр дүн гарна хэмээн тооцжээ.
Үүний дараа Улсын Их Хурлын дарга илгээлтийн эзэдтэй уулзаж, ярилцан, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буй Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэлийн ажил байдалтай танилцсан юм.
Түүнчлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буй Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ажил байдалтай Улсын Их Хурлын дарга, дагалдан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар танилцав. Аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Баярсайхан тус аймагт үүрэг гүйцэтгэж буй аврагч, гал сөнөөгчдийн ашигладаг аврах багаж хэрэгсэл, машин техникийг танилцуулж, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ихэвчлэн уурхай, усны осол, гал түймэр, салхи шуурга болон байгалийн онц аюултай нөхцөл болон хүн төөрсөн тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэдэг байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд шинэ төрлийн багаж төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үүрэг гүйцэтгэхэдээ бүрэн ашиглаж байгаа талаар танилцуулж байсан. Баянхонгор аймгийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Онцгой байдлын газрын багаж, тоног, төхөөрөмжийг шинэчлэх асуудал тусгагдан явж байгаа нь тун үр дүнтэй байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийнэхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30353
0 эможи