УИХ-ын дарга З.Энхболд Тэргүүний малчдын улсын зөвлөгөөнд оролцлоо

2016 оны 3 сарын 18
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.17/ Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөнд оролцлоо. 
Мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал, санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага, сургамжаа малчид харилцан солилцох зорилгоор зохион байгуулагдаж буй зөвлөгөөнд сум бүрийн тэргүүний малчин оролцож байна.  
Хөдөө аж ахуй бол хүн амыг хүнсээр хангадаг чухал салбар болохын дээр олон хүнийг ажлын байраар хангадаг болохыг Улсын Их Хурлын дарга тус зөвлөгөөн үг хэлэх үеэрээ тэмдэглэн хэлэв. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх нь олон айл өрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох боломж гэлээ. Мөн тэрээр “Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр бий болсон уул уурхайн түүхий эдийн үнийн уналт манай эдийн засагт хүчтэй цохилт болж, бидэнд хөгжлийн талаар нэгийг бодогдуулж, дан ганц уул уурхайд суурилсан эдийн засагтай байж болохгүй гэдгийг хатуу ухааруулж байна.
Эдийн засгаа солонгоруулж, олон тулгууртай болгон хөгжүүлэх бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар байна гэдэг үзэл баримтлалыг Ардчилсан намаас төрийн бодлого болгон дэвшүүлж байгаа.
Монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан. Энэ давуу талаа ашиглаад өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна” гэлээ. Түүнчлэн биотехнологи, нанотехнологи дээр суурилсан байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр манай хувийн хэвшлийнхэн зарим ололттой алхмыг хийж эхэлж байгаа талаар жишээ дурдсан. 
Улсын Их Хурал, Засгийн газраас мал аж ахуйн салбарын хөгжлийг онцгойлон анхаарч, төрийн тусгайлсан бодлогоор салбарын хөгжлийг тууштай дэмжиж байгааг Улсын Их Хурлын дарга хэлээд, малчдын хэрэглээний зээлийн жилийн хүүг 29 хувиас 18 хувь буюу сарын 1.2 хувь хүргэж бууруулсан.  Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүг жилийн 10 хувь буюу сарын 0.8 хувь болгож бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлсэн талаар хэлсэн. Төгсгөлд нь тэрээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь бусад салбарынхаа хөгжлийг дэмжих, эдийн засгийн бат суурь нь болох учиртайг тэмдэглээд “Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж, хөгжицгөөе” хэмээсэн. 
Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, гадаад орон, олон улсын байгууллагуудаас мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнгүүд зэрэг олон асуудлын талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэж, зөвлөлдсөн байна. Тус арга хэмжээний хүрээнд “Сайн малчин”, “Эрүүл мал эрдэнэ”, “Мал үндэсний баялаг”,  “Бэлчээр-ногоон алт” зэрэг салбар хуралдаанууд болсон байна. Эдгээр салбар хуралдаануудын талаарх илтгэлийг оролцогчид танилцуулж, тус бүрийн уриалгыг танилцуулсан юм. 
Тус зөвлөгөөний үеэр Улсын Их Хурлын баталж буй хууль, тогтоолуудад тусгах малчдын гаргасан саналуудыг нэгтгэсэнийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Улсын Их Хурлын даргад хүлээлгэн өглөө.  Улсын Их Хурлын дарга тэргүүний малчдаас ирүүлсэн энэхүү санал, зөвлөмжийг ажил хэрэг болгох боломжтой бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүдийн хамтаар хэлэлцэж шийдвэрлэдэг болохыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30281
0 эможи
keyboard_arrow_up