АН-д ”Увс” фракц мэндлэх үү?
Эв нэгдлийг илүү эрхэмлэх цагт АН-ынхан бутарч, хуваагдсаар. Сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдсэн энэ үед АН-ын томчууд дор бүрнээ нэг, нэг фракцийг байгуулж эхэлсэн нь үүнийг нотолно. УИХ-ын гишүүн Г.Батхүү “МоаН” фракц байгуулсан нь олон нийтэд ил болсон.
Тэгвэл АН дотор дахин нэг шинэ фракц мэндлэх гэж байгаа гэх бор шувуу байна. Тус фракцийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав байгуулж буй сурагтай. Түүний хувьд “Алтангадас” фракцийн тодотголтой өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдрөөс өрх тусгаарлахаар шийдсэн бололтой.
Тэрбээр намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс гадна Увс аймгийн харьяалалтай улс төрчдийн төлөөлөлтэй уулзаж сэм тохироо хийж эхэлжээ. Уг ажлынхаа хүрээнд өнөөдөрфракцийнхаа гишүүдийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авч уулзах гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Түүний байгуулж буй Увс нэртэй албан бус фракцид голдуу Увс аймгийн улс төрчид харъяалагдаж байгаа аж. “Алтангадас”-ын хүч суларч эхлэхтэй зэрэгцэн тус фракцид харъяалалтай явсан Д.Дорлигжав сайд түүнтэй зэрэгцэхүйц нам дамнасан бүлэглэлийг бий болгохоор зорьж суугаа нь энэ байж мэдэх юм.
Ямартай АН-ынхан дотроо хэд хуваагдаж буйг сүүлийн үед байгуулагдаж буй олон фракцаас нь харж болохоор байна. Уг нь нэг жилийн өмнө АН-ын дарга З.Энхболд намаа фракцгүй болсныг зарласан. Гэвч АН-ынхан фракцгүй болж чадахгүй гэдгээ улам баталсаар. Харин ч “Шонхор”-ынхон өөрсдийн нөлөөлийг нам дотроо илүү их бэхжүүллээ.
Саяхан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй “МҮДН” фракцынхан Орхон аймагт өөрийн салбар нэгжийг байгуулсан байна. Мөн “Шонхор” фракцийнхан ч үйл ажиллагаагаа тусдаа идэвхжүүлж, БНСУ-д уулзалт хийх үеэрээ 200 гаруй хүнийг бүлэгтээ элсүүлжээ.
Ийнхүү АН-ын фракцуудын арга улам нарийсч өөрсдийн жижиг хувилбаруудыг хүртэл байгуулж эхэлжээ. Уг нь сонгууль дөхсөн энэ үед АН илүү эв нэгдэлтэй байж ажилламаар.