Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо

2016 оны 3 сарын 17
Хөдөлмөрийн яам бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.  
 
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү санамж бичгийг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулж буй бөгөөд  Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд шаардлагатай сургалт, зөвлөгөөгөөр хангах, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг хүргэх асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болж байгаа юм байна.
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Г.Баярсайхан сайд “Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэр тэр дундаа өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд онцгой анхаарч байгаа. Өрхийн болон бичил аж ахуй нийт бизнесийн салбарын суурь болдог. Нийт бизнесийн 60 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа асар их хэмжээний хөрөнгө шингээж олон тооны ажлын байрыг бий болгож байгаа өрхийн болон бичил бизнесийг дэмжих нь зөв гэсэн бодлогыг Хөдөлмөрийн яам барьж ажилладаг. Тэр үүднээсээ Аж үйлдвэрийн яамтай Санамж бичгийг байгуулж буй юм. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 гаруй тэрбум төгрөгийг зохих шаардлагыг хангасан банкаар дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох, зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ингэснээр манай аж ахуй эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж мөнгөжиж, бизнесээ өргөжүүлэх бодитой боломж буй болох бөгөөд үүний үр дүнд ажлын байр нэмэгдэх сайн талтай. Манай яамнаас 2016 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байгаа. Тиймээс Аж үйлдвэрийн яамтай хамтран байгуулсан Санамж бичгийн хүрээнд бизнес эрхэлж байгаа болон бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг түлхүү дэмжих бодлого барина” хэмээсэн.
 
Санамж бичгийн хүрээнд хоёр тал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хууль тогтоомж, журам, заавар, шийдвэр, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, бичил, жижиг, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаас гадна өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, техник технологийн чиглэлээр үйлдвэр эрхлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах арга хэмжээг талууд хамтран зохион байгуулахаар заажээ.
 
Мөн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн болон тоног төхөөрөмжийн санхүүгийн эх үүсвэрийг  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 50 тэрбум  хүртэл төгрөгийн зээлийг шалгаруулалтаар сонгогдсон банкаар дамжуулж  хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог.
 
Түүнчлэн өрхийн болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг хийх үүргийг ч хоёр тал уг санамж бичгээр хүлээж байгаа аж.
 
Сургалт явуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих зэрэг бүхий л арга хэмжээг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж хамтран зохион байгуулах  юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30218
0 эможи
keyboard_arrow_up