Сайд Н.Батцэрэг ноён Райнхольд Ёостын урилгаар Заарбрюкен хотод ажиллалаа
Сайд Н.Батцэрэг айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Заарланд муж улсын Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд ноён Райнхольд Ёостын урилгаар Заарбрюкен хотод ажиллалаа.
Тус муж улсад ган, нүүрсний үйлдвэрлэл хэдэн зуун жилийн турш хөгжиж ирсэн бөгөөд Заарланд нь уурхайн хаалт болон олборлолт хийсэн газар, талбайд нөхөн сэргээлт хийж чадсан Германы тэргүүн туршлагатай муж улс юм.
Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яаманд болсон уулзалтын үеэр хоёр сайд дараахь хамтын ажиллагааны боломжуудын талаар яриа хэлэлцээ хийлээ. Үүнд:
-Уул уурхайн /нүүрсний уурхайн/ хаалтын эрх зүйн орчинг сайжруулахад Германы талаас техникийн туслалцаа авах, туршлага судлах,
-Байгаль орчны үнэлгээ хийх чиглэлээр туршлага судлах, мэргэжилтэн сургалтад хамруулах,
-Олборлолтын дараах нөхөн сэргээлтийн менежмент чиглэлээр туршлага судлах зэрэг болно.
Уулзалтын үеэр биологийн олон янз байдлыг хадгалах, ойн аж ахуйн тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхлоо ноён Ёост мөн илэрхийллээ.
Уулзалтын дараа сайд Н.Батцэрэг тус муж улсын “Эрлэбнисбэргбау Вэлсэн” нөхөн сэргээлтийн загвар газарт зочлон, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.
Мөн энэ өдөртөө Заарланд муж улсын хог хаягдлыг зайлуулах холбоо буюу “ЭФС” байгууллагад зочлон, хог хаягдал дахин боловсруулах байгууламжийг үзэж сонирхлоо.
Айлчлалын нийт хугацаанд сайд Н.Батцэрэг нь ДАЖБ-ийн мэргэжилтэн ноён С.Глаас, Германы “Геотех” ХК болон Берлин дэх “Төвд агентур” зэрэг ТББ-ийн төлөөлөгч нартай тус тус уулзаж, салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.