Ховдын тойрогт “битүү морь” олон байна
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу ард Аюушаар овоглодог Ховдын хязгаарт сонгуулийн сунгаа хэдийнээ эхэлжээ. 78 мянган хүн амтай тус аймгийг парламентад хоёр гишүүн төлөөлдөг. Гэхдээ 2012 оноос өмнөх мандатын тоо нь гурав байсныг тодотгоё.
Монгол Улс парламентын засаглалд шилжсэн 1992 онд ховдчууд МАН /тухайн үеийн МАХН/-д бүрэн итгэлээ өгч, Ж.Норовсамбуу, Ж.Бямбадорж болон Д.Дэмбэрэл нарыг УИХ- д “илгээсэн” юм. Энэ сонголт 1996 онд дахин давтагдсан нь, УИХ дахь төлөөллөө бүрэлдэхүүнээр нь эргүүлэн сонгосон анхны аймаг болж байлаа. Ховдчуудын сонголт холбироод байдаггүйг ч улс төрийн сонгуулиудын үр дүнгээс харж болно.
2008 он хүртэл Ховд аймаг час улаан тойрог байлаа. Энэ хугацаанд төлөөлөх гишүүн нь солигдсон ч харьяалагдах нам нь МАН хэвээр л байв. Тодруулбал, 2000 онд Ц.Дамиран, Г.Нямдаваа, Д.Дэмбэрэл, 2004 он мөн л Ц.Дамиран, Д.Дэмбэрэлтэй хамт “Монгол банк”- ны Л.Пүрэвдорж ховдчуудыг төлөөлж Их хуралд суусан юм.
Гэхдээ тухайн үед тэрбээр бие даагч гэсэн статустай нэр дэвшсэн юм. Намын дарга М.Энхсайхантай үл ойлголцсон гэдэг үндэслэлээр намаасаа нэр дэвших мандат авч чадаагүй Р.Амаржаргал бие даан дэвшиж, Ховдоос сонгогдсоныхоо дараа намын харьяаллыг эргэн сэргээсэн билээ. 16 жилийн дараа анх удаа Ардчилсан нам Ховдын хязгаарт ялалт байгуулсан нь энэ.Ардчилсан хувьсгалын салхийг нийслэлтэй нэгэн зэрэг сэвэлзүүлсэн ховдчууд яагаад ч юм улаан талдаа сонголт хийдэг байв. Харин 2008 онд сонгуулиар Ховд аймаг дахь МАН-ын ялалтад завсар оруулсан хүн нь УИХ- ын гишүүн Р.Амаржаргал.
Харин Р.Амаржаргалтай хамт парламентад төлөөллөөр сонгогдсон хүмүүс нь Д.Дэмбэрэл, С.Бямбацогт. Туршлагатай, мэргэшсэн, ахмад парламентч Д.Дэмбэрэлийг дагаж, залуу бизнесмен орж ирсэн нь өдгөө УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй С.Бямбацогт гишүүн.