Хүүхдийн мэдээллийг ЧАНДЛАН нууцална

2016 оны 3 сарын 14
УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн сурталчилгааг орон нутагт хийсэн юм. Эрдэнэтээс эхэлсэн сурталчилгаа Хөвсгөлд үргэлжиллээ. Тус аймагт хийсэн уулзалтад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон аймаг, багийн нийгмийн ажилтан, “Дэлхийн зөн” байгууллагын ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар шинээр батлагдсан хууль болон УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн талаар ярилцсан юм. УИХ-аар олон хууль батлагддаг хэдий ч сурталчилгаа төдийлөн сайн хийдэггүй гэдгийг хүмүүс хэлдэг. Харин хоёр ихэр хуулийн сурталчилгааг эмэгтэй гишүүд орон нутгаас эхэлж байгаад иргэд талархаж байна. Энэ хуулийг батлахад УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн, улстөржилгүйгээр ирээдүй хойч, үр хүүхдийнхээ төлөө хамтран ажилласан юм. 
 
Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлдэг. 1996 онд анх хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаж өнөөг хүртэл хэрэгжиж байсан. Энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийн 20 жил хийхийг хүсч, бодож байсан зүйлүүдийг бүгдийг нь багтаасан. Үүний тулд бүх орон нутгаас санал хүлээж авч, уулзалт зохион байгуулж байсан нь маш сайн туршлага болсон аж. Ийнхүү санал авах үеэр Хөвсгөл аймгаас нэлээдгүй санал ирүүлсэн бөгөөд 100 хувь хуульд тусгажээ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1-д хүүхдийн эрхийг хамгаалах зарчмыг тодорхойлсон байна. Тухайлбал, эрүүл, аюулгүй  амьдрах, сурч боловсрох, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах зэргийг тодорхой заажээ. 
 
Хөвсгөл аймагт нийт 46840 хүүхэд байгаагаас 24 мянга нь сургуульд сурдаг бол 9800 цэцэрлэгийн насны хүүхэд байдаг аж. Үүнээс 83 хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Рагчаа “Хүүхэдтэй холбоотой гарах асуудал болон хяналт тавихад бэрхшээлтэй байсан асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэж, хууль батлагдсан нь сайн. Харин хүүхдийн төлөө ажиллах хүн ямар мэргэжилтэй байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна” гэлээ.
 
Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөгтэй холбоотой харилцааг зохицуулна. Мөн хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Хуульд зааснаар гэр бүлийн орчинд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол эрүүгийн хариуцлага тооцох аж. Түүнчлэн эмчийн үзлэгээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл холбогдох газарт нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор тусгажээ. Эрсдэлд өртөж буй хүүхэдтэй холбоотой хувийн мэдээллийг чандлан нууцлах юм. Хууль батлагдсанаар үндэсний шинэ тогтолцоо руу орсон нь цаг үеэ олжээ хэмээн хүүхдийн байгууллагын ажилтнууд онцолж байлаа. Өмнө нь хүний хүчин дээр тулгуурлаж ажилладаг байсан бол өдгөө нийгмийн ажилтны эрх зүйн байдал, ажиллах нөхцлийг хангаж өгөх үүргийг орон нутаг хариуцахаар болсон байна. Ингэснээр хүүхдийн байгууллага чадавхжих боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэлсэн. 
 
Хүүхэд хүчирхийлэлд өртөх байдал хурдацтай өсч байгаа нь сэтгэл сэрдхийлгэж байна. Тиймээс хуулиар бүх төвшинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох заалт оржээ. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийг зөрчсөн, эрсдэлд оруулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулна. Хэрэв Зөрчлийн хуулиар хүлээсэн торгуулийг төлөхгүй бол нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ хэмээн заажээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30044
0 эможи
keyboard_arrow_up