Сонгуульд аль ч нам ялсан хамаагүй хөгжлийн бодлого өөрчлөгдөхгүй
Хууль сурталчлах аяны хүрээнд өнөөдөр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиудын нэгийг танилцуулж байна. Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 470 гаруй бодлогын баримт бичиг батлагджээ. Гэхдээ эдгээрээс 290 гаруй нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна.
2015-2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам 4 саяд хүрэх учир хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, инновацид тулгуурласан, төрөлжсөн эдийн засагтай улс болно гэж тодорхойлсон байна. Харин эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд 2016 оноос эхлэн мөрдөж буй “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хууль гол дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Энэ хууль нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх зорилготой.
Хуультай болсноор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өнөөгийн байдалд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна гэж ойлгож болно.
Мөн хөгжлийн бодлого, зорилтууд хэрэгжих үндэслэлтэй болж, бодлогын уялдаа, залгамж холбоо сайжирч, ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх сайн талтай гэж харж байна.
Монгол Улс дараах мөчлөгт хугацаанд үе шаттайгаар хөгжих болно. Ингэхдээ богино хугацааны хөгжлийн бодлого 1 жил хүртэл хэрэгжих бол дунд хугацаа гэж 3-8 жил, урт хугацаа гэж 15-20 жилийн цаадахыг урьдчилан харж, төлөвлөж байгааг ойлгох юм. Эдгээр хугацааг нарийвчлан авч үзвэл:
-Урт хугацааны: Энэ нь 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичиг бөгөөд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал юм.
Дунд хугацааны: 8-10 хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг. Үүнд төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтууд багтана.
Дунд хугацааны буюу 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр болон дэд хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэрэг багтана.
Богино хугацааны: Энэ нь нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичиг юм. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх баримт бичгүүд энэ төрөлд хамаардаг.
Ингэснээр улс төрийн ямар хүчин сонгуульд ялахаас хамаарч хөгжлийн бодлого өөрчлөгддөг байдал арилах юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасан. Ингэснээр улс төрийн ямар хүчин сонгуульд ялахаас хамаарч хөгжлийн бодлого өөрчлөгддөг байдал арилах юм.
Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах хэд, хэдэн эх үүсвэртэй байна. Тухайлбал улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, концессын гэрээ болон бусад эх үүсвэрээс санхүүжиж болно.
Бүсчилсэн хөгжлийн бодлого нь байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үндсэн дээр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах, төвлөрлийг сааруулах, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн түвшинг ойртуулах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэдэг.
Харин хөгжлийн баримт бичиг бодлогыг хяналт-шинжилгээ үнэлгээгээр нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон, улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн зэрэг тохиолдолд өөрчилж болно.