УИХ-ын дарга З.Энхболд Барилгын цэрэг байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв

2016 оны 3 сарын 12
 Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ахмад дайчид аа, 
        Хүндэт зочид оо,
 

 

 
Монгол орны өнгө төрхийг өөрчлөн орчин цагийн хотыг сүндэрлүүлж, Монголын уудам талд аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, нийгэм соёл, батлан хамгаалах зориулалт бүхий олон зуун барилга байгууламжийг бүтээн босгосон түүхийн эзэд Барилгын цэргийн үе үеийн төлөөлөл Та бүхэнд Зэвсэгт хүчний  95, Барилгын цэрэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Төрийн ордноос эхлээд 40,000-тын 1, 2 дугаар хэсэг, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцын бүтээн байгуулалт, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хот, суурин 14 аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэр үйлчилгээ, сум, сангийн аж ахуй, сургууль, олон улсын Найрамдал зуслан, Залуучуудын соёлын төв, соёлын иж бүрэн цоцолборууд болон тусгай обьектын 5000 гаруй барилга байгууламж барилгын цэргийнхний гараар босжээ.
Цэргийн барилгачдын бүтээлч хамт олны дотроос хурандаа Д.Бямбаа, ахлагч Б.Цээхээ, Д.Түмэн, У.Батмөнх, Г.Очирбат нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Хошууч генерал Х.Жүгдэрнамжил, Ю.Жаргал, хурандаа Т.Батсуурь, Х.Лхүнрэв, С.Мөнхөө, ахлагч Б.Шарав, Г.Сэр-Од, нарын 12 хүнийг Монгол Улсын “Гавьяат барилгачин” цолоор тус тус шагнажээ.
Мөн Барилгын цэргийн удирдах газрыг чадварлаг дарга, улс төрийн ажилтанууд удирдаж байсны дотроос Барилгын цэргийн удирдах газрын дарга хошууч генерал Д.Бавуу, Монголын ардын армийн улс төрийн газрын орлогч дарга, Барилгын цэргийн улс төрийн хэлтсийн дарга хошууч генерал Ч.Данзан нарын шилдэг удирдагчид ажиллаж байсан түүхтэй.
Орчин үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг даган барилгын цэргийн бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг шинэчлэгдэж байна. Батлан хамгаалах зэвсэгт хүчинд шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар барилга-инженерийн цэргийн тусгай ангиудыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу  Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт 338, 339, 340 дүгээр ангийг тус тус байгуулсан нь улсын хэмжээний болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ олон улсын энхийг сахиулах ажиллагаанд сэргээн босголт, инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын барилгын цэргийн 017 дугаар анги өргөжин шинэчлэгдэж, улсын хэмжээний болон батлан хамгаалах салбарынхаа барилга байгууламж, цэргийн тусгай обьектуудыг бүтээн байгуулж, цэргийн албан хаагчдын 800 орчим орон сууцыг нийслэл, орон нутагт барьж, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлэхэд таатай байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт барилгын цэргийн үйл ажиллагааг өргөтгөн, Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор “Монгол цэрэг бүтээн байгуулалтанд” хөтөлбөрийг баталж, хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр тусгай мэргэжилд сурган, улс орны стратегийн бүтээн байгуулалтанд оролцуулж эхэлсэн нь ард түмний талархлыг хүлээж байна. Улсын Их Хурлаас Төмөр замын бүтээн байгуулалтанд барилгын цэрэг, цэргийн албан хаагчдыг оролцуулахаар төсөв хөрөнгийг шийдвэрлэж, мэргэжлийн тусгай сургалтанд хамруулж байна. Мөн Засгийн газраас 2016-2017 онд Архангай, Говь-Алтай аймгуудад барилга инженерийн тусгай ангиуд байгуулахаар шийдвэрлээд байна.
Цаашид орчин үеийн шаардлагад нийцүүлэн барилга инженерийн цэргийг бэхжүүлэн, улс орны томоохон бүтээн байгуулалтанд оролцуулж, тэдний нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, залуучуудыг цэрэг эх оронч, хөдөлмөрийн хүмүүжлээр хүмүүжүүлж төлөвшүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй.
Монгол Улсад хөгжлийн шинэ эрин үе ирж, бүтээн байгуулалтын олон ажил эхэлсээр байна. Мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин, бүх талын өндөр бэлтгэл, зохион байгуулалтай цэргийн барилгачид олноор бий болгохыг нийгмийн хөгжил өөрөө шаардаж байгаа энэ цаг үед энэ танхимд хуран цугласан инженер техникчид, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчин, ахмад дайчин Та бүхний оюун ухаан, арвин туршлага Монгол Улсад нэн хэрэгцээтэй.
Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдцыг хангах, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нийт барилгачин дайчид, энхийн бүтээн байгуулалтад эрч хүчтэй  ажиллаж байсан ахмад дайчид Та бүхэндээ дахин баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29979
0 эможи
keyboard_arrow_up