А.Бакей: Сонгуулиас өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт орж ирээгүй

2016 оны 3 сарын 11

Сонгуулийн тухай хуультай холбоотой зарим асуудлаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.

-ХАВРЫН ЧУУЛГАН ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛЖ, ТАВДУГААР САРЫН 5-НД 
ӨНДӨРЛӨХ ТОВТОЙ БАЙНА-

-УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Сонгуулийн шинэ хуульд “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалт байхгүй учир хууль зөрчөөгүй гэсэн үг үү?

-Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дөрвөн ч шатны сонгуулийн хуулийн нэгдлийг хэлэлцэж нэгтгээд, тус бүрийнх нь онцлогийг тусгасан. Уг төсөлд угаасаа “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалт орж ирээгүй. Хуучин мөрдөж байсан хуулиудад бол тийм заалт байсан. Харин шинээр өргөн мэдүүлсэн хуульд уг заалт байхгүй.  

bakii

-Гэтэл УИХ-ын зарим гишүүд төдийгүй хэвлэлүүдээр уг заалтыг байгаа мэтээр ярьж хууль зөрчиж байна гэж үзээд байгаа шүү дээ?

-Өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүдийн хэн нь ч тус зааалт байхгүйг анзаараагүй. Хуулийн төсөл батлагдсаны дараа энэ асуудлыг яриад эхэлсэн. Гэхдээ сонгууль дөхөж байгаа энэ үед хуульд өөрчлөлт оруулна гэдэг тийм амар биш юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед илүү сайжруулсан уу гэхээс дордуулаагүй.

-Сонгуулийн хэсгийг зохион байгуулах ажлыг хэзээ хийж дуусгах вэ?

-Сонгуулийн хэсэг зохион байгуулах гэсэн ажил байгаа. Энэ нь сонгуулийн санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн тэргүүлэгчид, улсын бүртгэл асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө байгуулна хэмээн заасан. Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах юм. Энэ ажлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө хийх ёстой. Үүнийг СЕХ болон аймгийн ИТХ–ын саналыг авч өнөө маргаашгүй шийдвэр гаргана гэсэн үг. Энэ мэт хуваарийн дагуу ажлууд хугацаандаа явж байгаа.

-Сонгууль зохион байгуулахад хэдий хэр хэмжээний мөнгийг төсөвт суулгаж өгсөн бэ?

-УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль хамтдаа явах учраас зардлаа хуваана гэж тооцож нийт улсын төсвөөс 17 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Удахгүй хаврын чуулган эхлэх гэж байна. Хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй ямар ямар чухал хуулийн төслүүд байгаа вэ?

-Хаврын чуулган дөрөвдүгээр сард эхлээд, тавдугаар сарын 5 хүртэл хуралдах албан бус товтой байна. Үүнээс хойш сонгуулийн кампанит ажил хуваарийн дагуу явагдаж эхэлнэ. Ийм богино хугацаанд олон асуудал шийдэж чадахгүй ч нэн тэргүүнд 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Мөн Төрийн албаны тухай хууль  болоод төр болон хуулийн байгууллагуудын шинэчлэл, үйл ажиллагаатай холбоотой хуулийг зайлшгүй хэлэлцэж батлах ёстой.

-Ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа?

-Энэ талаар сонссон зүйл одоогоор алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29938
0 эможи
keyboard_arrow_up