"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм хэвлэгдэн гарлаа
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Түүгээр тэрээр Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Зарлигаар, Зэвсэгт хүчний тухай хуулийн зарим заалт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар бүхий анги, байгууллагуудыг төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т чиглэл болгосон байна.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг баталжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд,
·Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох үндэсний хөтөлбөрүүдэд тулгуурлах;
·гадаад сурталчилгааны агуулгыг үндэсний түүх, соёл, урлагийг дээдлэн хүндэтгэсэн, улсын хөгжил дэвшил, хоёр болон олон талт харилцааны онцлогтой уялдуулан тодорхойлсон байх;
·хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэд, олон нийт, хувийн хэвшил, бизнесийн болон мэргэжлийн холбоодын оролцоог түлхүү дэмжих зарчмыг баримтлах ажээ.
Энэ хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, гадаад сурталчилгаагаар дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.
Монгол Улсыг гадаадад сурталчлахдаа,
·Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, хөгжүүлэх;
·эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
·аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих;
·олон улсын спорт, уралдаан тэмцээнд амжилт гаргаж эх орныхоо нэр хүндийг өргөх зорилтуудыг хэрэгжүүлэхээр тогтоолд тусгагджээ.
Гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлээр,
·түүх, соёл, урлаг;
·аялал жуулчлал;
·үндэсний брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ;
·спорт, олон улсын арга хэмжээ байхаар тогтоосон байна.
Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх юм байна.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхтэй...” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.