ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

2016 оны 3 сарын 10

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдэд ажилласан томилолтын ажлын хэсэг 2016 оны 3дугаарсарын 4,5-ны өдрүүдэд Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн төлөөлөл ажиллав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Эхний өдөр профессор Н.Лүндэндорж Архангай аймгийн "Нутгийн удирдлагын ордон”-д иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл явц, түүний үр дүн, цаашдын зорилтын талаар тайлагнаж, сонирхсон асуултад нь хариулсан нь 600 хүнийг хамарсан өргөн хүрээтэй ажил боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

"Шударга шүүхгүй улсад хөрөнгө чинээтнүүд, эрх мэдэлтэй хүмүүс хуулийн гадуур амьдрах боломжтой. Тиймээс шударга шүүхгүй улс оронд иргэдийн өмч хөрөнгө, амь нас баталгаагүй байдаг. Ийм сөрөг үр дагавар шударга шүүхгүй улсыг үргэлж нөмөрч байдаг. Шүүхийн шинэтгэл үргэлж хийдэг зүйл мөн үү, ямар үед шүүхийн шинэтгэлийг хийдэг вэ гэвэл энэнээс цааш явж болохоо болилоо гэсэн үед хийгддэг. Тэгвэл буугүй хувьсгал буюу шүүхийн шинэтгэлийг хийх хүндтэй шалтгаан Монголд байсан нь гадаад дотоодын судалгаагаар шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарсан, шүүх эрх мэдэл бие даасан эрх мэдэл болж ажиллаж чадаагүй, УИХ, Засгийн газраас хараат, тэднийг царайчилсан, ядуу тарчиг төсөвтэй байсантай холбоотой. Шүүх эрх зүйн хомсдолтой, хаалттай байсан. 10 хүний 7 нь шүүхэд итгэдэггүй гэж хариулж байсан судалгаануудыг одоо хэн ч олоод үзэх боломжтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бодит байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн. Би шүүхийн шинэтгэлийг хийсэн гэж, байгаагүйг байгаа гэж социализмын үеийн суртал ухуулга хийх гэж энд ирээгүй. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 3 жилийн хугацаанд шүүхийн шинэтгэл ямар үр дүнд хүрсэн болон цаашдын зорилгын талаар ярьж, иргэдийн санал хүсэлтийг сонсохоор зорьж ирлээ” хэмээн яриагаа эхэлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхийн шинэтгэлийн талаар 2 цаг гаруй иргэдтэй уулзлаа.

Ахмад шүүгч, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Гавьяат малчин зэрэг иргэд шүүхийн үйлчилгээний талаар санал хэлсний дотор Хайрхан сумын Асгат багийн малчин О.Дорж гуайн яриа анхаарал татав. Тариалангийн газраа хамгаалж сумын ИТХ, нэр бүхий компанийн удирдлагуудтай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн тэрбээр 9 удаагийн шүүх хуралдаанд орсноо хэлж, жирийн иргэн шүүхээр эрхээ хамгаалуулж, ялж болдог болсон шударга шүүхийг биеэр мэдэрсэн талархлаа илэрхийлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн үйлчилгээ, шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүхийн тогтолцооны тухай хөндөж ярьсан иргэд шүүхийн шинэтгэлд ам сайтай байгаа нь зөвхөн Архангай гэлтгүй Өвөрхангай, Баянхонгор аймгуудаас харагдаж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон шүүхийн шинэтгэлд амжилт хүссэн иргэдийн санал сэтгэгдэл бичгээр ч мөн цөөнгүй ирсэн. Уулзалтын дараа профессор Н.Лүндэндорж "Иргэний танхим”-д шүүгчид болон аймгийн хуулийн байгууллагуудын 40 орчим хуульчдын төлөөлөлд "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекц уншив. Тэрбээр энд шүүгчдэд зориулж орчуулан хэвлүүлсэн Р.Дворкины "Хуулийн эзэнт гүрэн”, Ж.Роулсийн "Улс төрийн лебарализм” номуудаа гардуулж, мэдлэг оюун, ур чадвараа цаг тутам хурцалж байхыг хүссэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

3 дугаар сарын 5-ны өдөр томилолтын ажлын хэсэг Архангай аймаг дахь шүүхийн үйл ажиллагаа, шүүгч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Ажлын хэсгийг Шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт, шүүгч, ажилтнууд угтан авч, товч танилцуулга хийв. Аймгийн ЗДТГ-ын байрны Б корпуст байрладаг тус шүүхэд 10 шүүгч, шүүхийн захиргааны 26 ажилтан ажиллаж байна. 2015 онд иргэний 811, эрүүгийн 138 хэрэг шийдвэрлэж, эвлэрүүлэн зуучлалаар 155 маргаан эвлэрүүлсэн тус шүүх байрны хүрэлцээгүй нь тулгамдсан асуудал болжээ. Иргэдтэй биечилж уулзаж, хэрэг материалыг танилцуулдаг туслахуудын өрөө давчуу, дээвэр нь усанд автсанаас нурах аюултай энэ өрөөг А корпусын залгаа хэсэг учраас Засаг даргын тамгын газраас нураах асуудал байнга хөнддөг аж. Шүүх хуралдааны танхим, эвлэрүүлэн зуучлал, шүүгчдийн өрөөгөөр явж танилцах зуураа Н.Лүндэндорж дарга "Шинэ шүүгчид мэдлэгээ ахиулахын тулд хэр уншиж байна, шахсан бяслаг шиг шүүхийн шийдвэр бичдэг болоход хүндрэл юу байна, шүүхийн шийдвэр бичих ямар байна, шинэ шүүгчийн сургалтанд ямар хичээл хамгийн их хэрэгтэй байна” гэх зэргийг тодруулаад " Хүн бүр залуу байдаг. Хэн илүү чармайсан нь хурдан амжилтанд хүрдэг” гээд амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

 

Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг " Хөөрхий, энэ яаж шүүгч болоо вэ” гэмээр хүн шинэ шүүгчид дунд байхгүй. Тиймээс шинэ шүүгчид чансаатай” гэсэн бол тус шүүхийн нярав Ж.Санжмятав "Шүүхийн шинэтгэлийг бичгийн машинтай ажиллаж байсан бидний тарчиг ядуу үетэй харьцуулшгүй. Бид өнөөдрийн амжилтынхаа хажуугаар өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Шүүхийн талаархи иргэдийн ам ч өдрөөс өдөрт сайжирч байна” хэмээн ажлын хэсэгт онцлон ярьж байлаа. Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгч, ажилтнуудтай уулзалт хийв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Тэрбээр "Шүүхийн бие даасан байдлын баталгааны нэг нь байр орон. Бүхэл бүтэн эрх мэдэл аймгийн захиргааны суганд толгой хавчуулагдаж байгааг харахад сэтгэл эмзэглэж байна. Шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулахгүй бол болохгүй. Улсын эдийн засаг сайжирч, шүүхийн төсөвт хөрөнгө мөнгө орж ирвэл архангай аймгийн шүүхэд ордон барилга барих зорилго Шүүхийн ерөнхий зөвлөлд бий. Гэвч өнөөдөртөө шүүх ордон бүү хэл оромжгүй байна. Жил бүр шүүхийн төсөвт танай аймагт шүүхийн байр барина гэж Сангийн яаманд бид хандсаар байх болно. Бүх юм ээлжтэй. Ээлж ирнэ. Мөнгө нь байвал одоо үед хуучных шиг удалгүйгээр байр барих боломж нээлттэй” хэмээн ярианыхаа эхэнд дурьдаад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 жилийн тайланг илтгэж, шүүхийн шинэтгэлийн ололт амжилтыг бэхжүүлэх цаашдын зорилтыг дэлгэрэнгүй ярьж, шүүгч ажилтнуудтай санал солилцсоноор томилолтоо өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийсэн томилолтынхоо талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ийнхүү дүгнэн ярилаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн бодлого, зорилт, түүний хэрэгжилтийн үр дүнг иргэд олон нийтэд тайлбарлан таниулах, мөн шүүхийн шинэтгэл орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаархи иргэд олон нийтийн санаа бодлыг сонсох, судлах зорилготой 3 аймагт албан томилолтоор ажиллалаа. Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хархорины 4 шүүхэд ажиллаж, миний төсөөлж байгаагаар 2000 орчим иргэдтэй уулзаж, иргэдийн сэтгэгдлийг сонсоход тэд шүүхийн шинэтгэлийн бодлого орон нутгийн иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаад итгэл үнэмшилтэй байна. Шүүхийн үүд хаалгаар ороход шүүгч ажилтнуудын харилцаа хандлагад эрс өөрчлөлт орсон нь шинэтгэлийн үр дүн гэдгийг ил тод хэлж байна. Шүүгч шүүхийн ажилтнууд шүүхийн эдийн засгийн баталгаа бүрэн хангагдаагүйгээс байр сууцны байнгын гачаалд байгаагаа хэллээ. Монголд шүүхийн барилга байшингийн асуудал Монгол улсын асуудал болчихлоо. Дөрвөн хана л байж байвал шүүхийн байр гэсэн сэтгэлгээ манайд дээр дооргүй байдаг бол дэлхийд шүүхийн байрны архитектурын шийдэл соёлын түвшинд очсон. Олон аймгуудийн шүүх прокурортойгоо хамт нэг байшинд ажиллаж байна. Хэрсүү иргэд "Шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэх ёстой прокурорын байгууллага та нартай нэг "гэрт” амьдарч байна шүү . Ийм байгаа нөхцөлд шүүх хуралдааныг чинь хийлгэхгүй гэдэг асуудлыг бид яваандаа тавина шүү” гэж хардах эрхээ хэрэгжүүлж байна. Монгол улсын Шүүхийн тухай хуульд "Шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн заалт оновчтой заалт, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үнэхээр байгаа юм байна гэдгийг би олж харлаа. Зөвхөн хөдөө, орон нутаг гэлтгүй Улаанбаатар хотод ч гэсэн шүүхийн байрны асуудал хүнд байгаа.Улаанбаатарын засаг даргын тамгын газрууд орд харш бариад гарахад, тэдний акталж хаясан байшинг шүүх эрүү өвдгөө дэвсэж гуйж орж байгаа нь Монгол улсад шүүх засаглалын дэд бүтэц хаягдсан, гээгдсэн, доройтсоны илрэл. Үүнийг засч, залруулах ёстой. Монгол улсад учирсан эдийн засгийн хүндрэл үүнд нөлөөлж байгааг би байнгын үзэгдэл гэж үзэхгүй байна. Цаашдаа эдийн засгийн хомсдлыг даван туулсны дараа энэхүү гачигдлыг шийдэхэд төвөгтэй биш гэж би тайлбарлаж явлаа. Хийх ажил их байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29897
0 эможи
keyboard_arrow_up