76:45 буюу Эмэгтэй улстөрчдийн “ТУГ”

2016 оны 3 сарын 10

“76:?” булан энэ удаа УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Оюунхоролыг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон билээ.  

- АМЛАЛТ

2012 оны сонгуульд нам төлөөлж өрсөлдсөн нэр дэвшигчид хувийн мөрийн хөтөлбөр боловсруулж, элдэв амлалт өгөөгүй. Үүгээрээ өмнөх сонгуулиудаас ялгаатай, онцлогтой болсон. Өмнө нь нэр дэвшигчид нэг суманд тийм ч юм барьж өгнө, ингэж ч цэцэрлэгтэй болгоно, тэгж ч буудал барина гэж амлахгүй болсон. Үүгээрээ давуу талтай. Тэгвэл Д.Оюунхорол гишүүнийг амлалтаа биелүүлсэн гэж хэлэхэд бас хэцүү. Учир нь МАН өнгөрсөн хугацаанд эрх бариагүй. Тиймээс мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаа биелүүлэх боломж бололцоо тун бага байлаа.  МАН-ын 2012 оны сонгуулийн үеэр иргэдэд өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрийн зах зухыг танилцуулъя. Тэд: 

  • 300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй цулс орны төвшинд хүртэл бууруулна
  • Монгол хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно.
  • “Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг  малжуулна.
  • 40 мянгаас доошгүй айд өрхийг хувийн аж ахуйтай болгоход  санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
  • Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн илүү таатай нөхцөл бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно.
  • Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлж, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд олгох эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлтийг нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ.
  • Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцож олгох хэлбэрийг нэвтрүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоно.
  • Орлого багатай өрхөд ар гэрийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.
  • Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих төвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.
  • Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох бодлого баримтална.
  • Хүүхдийг хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэл асарч буй эх, эцэгт, тухайн хугацаанд ажлын байрыг хадгалж, цалинтай чөлөө олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Хүүхдээ 18 сар хүртэл асарсан хугацааг ажилласан жилд тооцож, нийгмийн даатгалд хамруулна.
  • Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн урамшуулал олгоно.
  • Түүхэн уран сайхны бүрэн хэмжээний кино бүтээхийг төрөөс санхүүжүүлнэ.  

Гэх мэт мөнгө төгрөг өгөх, халамжлах чиглэлийн амлалтууд үйл олныг өгсөн байгаа юм. Гэвч эрх бариагүй учраас эдгээр амлалтууд биелээгүй. Тийм болохоор амлалт биелсэн эсэх асуудлыг хэлэлцээд ч хэрэггүй байх. Гэхдээ түүний санаачилж, боловсруулсан хуулиуд дунд дээр дурьдсан зарим амлалтыг биелүүлэхэд чиглэсэн хууль, тогтоомж байгаа. Хэдийгээр нам нь эрх бариагүй ч тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн боломжоор ажилласан юм. Үүнийг нь бас бодолцож үзэх хэрэгтэй байх.  

- АМЖИЛТ

Ц.Оюунхорол гишүүн улстөрчийнхөө хувьд өнгөрсөн дөрвөн жилд тун амжилттай ажилласан гэж дүгнэж болохоор байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийтдээ 15 хуулийн төсөл боловсруулахад оролцож, өөрөө санаачилж, заримыг нь батлуулсан байгаа юм.  УИХ-ын гишүүний хамгийн гол хийх ёстой ажил бол ард түмэн, улс оронд хэрэгтэй, нэн шаардлагатай хууль журмыг санаачилж, батлуулах явдал байдаг. Тэгвэл Ц.Оюунхорол гишүүн “Боловсролын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль”, “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль” гэх зэрэг чухал хуулийн төслийг санаачилсан байна.  

Ерөнхийдөө маш чухал, шаардлага гэсэн хуулийн төслүүдийг барьж авч, эсвэл бусад гишүүдтэй хамтарч ажилласан нь том амжилт юм. Мөн тэрбээр БОНХАЖ-ын сайдаар ажиллах багахан хугацаандаа нэлээд ажлыг амжуулсан. Тэр дундаа Зайсангийн иргэдэд таван жилийн хугацаатайгаар газрыг нь өмчлүүлэх ажлыг хийж, хэрэгжүүлсэн нь том амжилт гэж дүгнэх гээд байна. Зайсан орчмын газар Тусгай хамгаалалттай гэдэг утгаараа тэнд газар өмчлүүлэх ёсгүй. 

Тиймдээ ч Зайсан орчимд насаараа амьдарч байгаа иргэд газраас өмчилж чадахгүй байсан юм. Тэгвэл Д.Оюунхорол сайд салбар яамыг толгойлж байхдаа Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь таван жилийн хугацаатай өмчилж өглөө. Зарим нь таван жилээр өмчилж, хуурлаа, иргэдийн сэтгэлээр тоглолоо гэх маягийн юм ярьсан. Иргэд насаараа амьдарч байгаа газраа огт эзэмшиж чадахгүй бол хэцүү биз дээ. Харин таван жилээр ч болов эзэмшээд, газраа банкны барьцаанд тавьж, зээл авсан ч болно. Эхний ээлжинд таван жилээр өмчлөөд, яваандаа тэр хавийн газар нутгийг тусгай хамгаалалттай газрын жагсаалтаас гаргачихвал бүр эзэмших боломж ч гарч ирнэ. Аливаа ажил эхлэлээсээ шууд хамаардаг. Тэр утгаар нь аваад үзвэл энэ яах аргагүй амжилт шүү дээ. Одоо Хан-Уулаас сонгогдох гишүүд ирэх дөрвөн жил энэ асуудлыг шийдэж ч болно.  Ийм л ажлын эхлэлийг тавьчихаад байгаа юм. 

- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ

Алдаа гаргадаггүй хүн гэж юу байх вэ. Д.Оюунхорол гишүүн ч алдаа гаргасан. Тэдгээрээс хоёрыг нь онцолж, том алдаа гэж дүгнэх гээд байна. Юуны өмнө тэрбээр БОНХАЖ-ын сайдаар томилогдсоныхоо дараа олон хүнийг хоморголон ажлаас нь халсан гэх хэл аманд орооцолдсон.  Тэрбээр ажилдаа ороод 100 хоноогүй байхдаа 60 гаруй хүнийг ажлаас нь халж, өөрийнхөө багийг бүрдүүлсэн талаар шуугиан нэлээд хугацаанд үргэлжилсэн билээ. Халагдсан хүмүүс нь тухайн үедээ хэвлэлийн хурал зарлаж, гомдол мэдүүлж ч байлаа. Төрийн залгамж халаа гэж огт байхгүй болсны нэг жишээг тэрбээр харуулсан гэхэд болно. 

Мөн Д.Оюунхорол гишүүн сүүлийн үед Өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл санаачлаад байгаа. Үүнээсээ болоод багагүй шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд түүний гаргасан бас нэг том алдаа гэж дүгнэх гээд байгаа юм.  Хэрвээ энэ хууль батлагдвал 0-3 насны хүүхэдтэй ганц бие аав, ээж сар бүр 192 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх халамжийг хүртэх учиртай юм. Энэ хуулийн төслийг олон ч хүн шүүмжилж байгаа. Харин түүний хариуд Д.Оюунхорол гишүүн “Нийгмийн тусламж үйлчилгээ хамгийн их шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг маань улс төрийн зорилгоор гуйвуулж мушгиж байгаад харамсаж байна.

Үнэхээр ажил хийгээд амьдрах боломжтой хэсэг нь ажлын байр нь байж байвал сарын 192 мянган төгрөгийн төлөө гэр бүлээсээ сална гэдэг утгагүй зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан. Мэдээж хүүхдээ өнчрүүлээд, 192 мянган төгрөгийн төлөө бүр салах хүн гэж байхгүй байх. Харин гэр бүлээ салгуулсан нэр зүүгээд, хэдэн төгрөг авах гэж зүтгэх нэг хэсэг байхыг үгүйсгэхгүй.  Тэгээд ч ер нь манай улс халамжийн бодлогоос аль болох татгалзаж, иргэдийг ажиллаж хөдөлмөрлөх боломжийг хангахын төлөө явах нь зүйтэй юм. Тэр талаас нь харвал энэ хуулийн төсөл яах аргагүй алдаа. 

- ИРЭЭДҮЙ

Д.Оюунхорол гишүүн бол парламентад гурван ч удаа суугаад амжсан туршлагатай улстөрч. Эмэгтэй улстөрчдийн дунд тэрбээр хамгийн удаан УИХ-д сууж, салбар яамны сайдаар хүртэл ажиллаад үзчихсэн хашир толгой. Тиймээс эмэгтэй улстөрчдийн дундаа “туг” гэж нэрлэж болно. Мөн Завханаас гурван удаа сонгогдсон. 

Тэр утгаараа дөрөв дэх удаагаа сонгогдохгүй гэх газаргүй. Мань хүн Завханд “босоо” болохоор энэ жилийн сонгуулиар нутаг руугаа явж өрсөлдөх байх. Түүнээс гадна түүнд жагсаалтад багтах боломж  бий. Өнгөрсөн сонгуулиар тойргоос сонгогдсон болохоор энэ удаад жагсаалтад орох эрх байгаа шүү дээ.

Тэгээд ч туршлагатай эмэгтэй улстөрч учраас намын нэр хүндийг өргөнө гэж үзэж жагсаалтад багтаах болов уу. Ер нь намууд жагсаалтын эхний 10 дотор 1-2 эмэгтэй улстөрчийг багтаах жишгээр ажиллах байх. Тэгвэл МАН-аас жагсаалтад багтчих эмэгтэй улстөрч түүнээс өөр байхгүй гэж хэлж болно. Туршлагатай, нэр хүндтэй, олон жил парламентад суусан гэдэг талаас нь хараад үзвэл шүү дээ. Тэгэхээр Д.Оюунхорол гишүүний ирээдүй гэгээтэй байна гэж дүгнэхэд буруудаад байх зүйлгүй болов уу.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29879
0 эможи
keyboard_arrow_up