Б.ГАРАМГАЙБААТАР: Хэнтий аймаг үйлдвэрлэл хөгжсөн дөрөв дэх том аймаг болно
2016 оны 3 сарын 09
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ сарын 2-7-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Овоо, Дадал, Баян-Адрага сумдааар ажиллаж УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнав.
-Та Хэнтий аймгийн зургаан суманд ажиллаад ирлээ. Иргэд, малчид УИХ болоод Засгийн газраас явуулж буй ямар бодлого шийдвэрт илүү сайшаалтай хандаж байна?
-УИХ-ын намрын болон ээлжит бус чуулган завсарлаад гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Би Хэнтий аймгийн зүүн, зүүн хойд сумдаар яваад ирсэн. Сумын иргэдтэй уулзаж УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж иргэдийн санал бодлыг сонсож явлаа. Иргэд маш идэвхитэй оролцож байна. Сумдаар явж байхад хаваржилт сайн, малын хорогдол багатай, малчдын сэтгэл тайван байна.
Малчид төр засгаас явуулж буй бодлогыг дэмжиж байгаа байдал ажиглагдаж байна. Ялангуяа УИХ-аас баталсан хөнгөлөлттэй зээл, орон сууцны ипотекийн зээл, түрээсийн байр гэх мэт малчид болон иргэдэд хандсан шийдвэрүүдийг их таатай хүлээж авч байгаа нь мэдрэгдлээ.
-Хэнтий аймагт хоёр ч тойм үйлдвэр барих шийдвэр гарсанд нутгийн иргэд ихээхэн талархалтай хандаж байх шиг байсан?
-Хэнтий аймаг эдийн засгийн чадавхийн хувьд тийм ч сайнгүй аймгийн тоонд орж явдаг. Эндээс эдийн засгийн боломж бол үйлдвэрлэл дагаж хөгждөг гэдэг нь харагдаж байгаа юм. Манай аймгийн хувьд яг үйлдвэрлэлийн бүс нутаг бол байхгүй. Ихэвчлэн мал аж ахуй, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор Хэнтийм аймгийн Бор-Өндөр суманд газрын тосны болон зэс хайлуулах хоёр үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрүүд баригдаж ашигалтад орвол Хэнтий аймаг аж үйлдвэрийн салбар хөгжсөн улсын хэмжээнд дөрөв дэх том аймаг болох боломж бүрдэж байгаа. Нөгөө талаас Бор-Өндөр суманд дээрх хоёр үйлдвэр болон жонш боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлснээр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэнэ .
-Үйлдвэрүүд барих ажил яг хэзээнээс эхлэх вэ?
-Бор-Өндөрт баригдах хоёр үйлдвэрийн шавыг саяхан очиж тавьсан. Ажил нь саадгүй явах шийдвэр Засгийн газраас гарсан учраас одоо тухайн үйлдвэрүүдийг барих концессын гэрээг зарлах, тухайн ажилд оролцох аж ахуйн нэгжүүд болон гадна дотны хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлж байгаа гэдэг мэдээллийг Аж үйлдвэрийн яамнаас өгсөн. Тэгэхээр энэ хавраас үйл ажиллагаа нь эхэлж байгаа гэсэн үг.
-Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой орнуудын тоонд яах аргагүй Хэнтий аймаг ордог?
-Ер нь бол Хэнтий аймаг мал аж ахуй эрхлэхээс гадна аялал жуулчлалын бүс нутаг байх ёстой юм. Эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын нууц товчоонд гардаг бүхий л газар нутаг, уул, ус энд байдаг. Тийм ч учраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг гэж үзэх ёстой. Энэ утгаараа Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Хурх, Биндэр, Бат-Ширээт, Дадал, Баян-Адрага гэх мэт сумдууд бол аялал жуулчлалын зонхилох сумдууд. Үүгээр бид том төлөвлөгөө боловсруулсан. Тодруулбал, Хэрлэн мөрний эргийг аялал жуулчлалын бүс болгож эртний Монголчуудын нүүдэлчин амьдралыг харуулсан цогцолбор байгуулахаар дөрвөн жил зүтгэж байна. Одоо бол хөрөнгө оруулагчдаа хайж байгаа. Энэ яваандаа ихэнх сумдаа хамарсан том төсөл болно.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29833
0 эможи