С.Одонтуяа: Хилээр гараад явсан монгол хүүхэд бүрт анхаарал хандуулна

2016 оны 3 сарын 09

УИХ-ын намрын чуулганаар батлагдсан чухал хуулиудын нэг бол Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль юм. Уг хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Шинээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын хуулийн гол ач холбогдлыг тайлбарлахгүй юу?

-Бид 2012 оноос хойш хүүхэд гэр бүлийн эрхзүйн орчныг шинэтгэе, хүүхдийн өмнө хүлээх төрийн болон эцэг эх, гэр бүлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлье, хуулийг улам боловсронгуй болгоё гэсэн зорилт тавин ажиллаж байна. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэснээр ажлын дэд хэсгүүдийг байгуулсан. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Эрх нь зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудлыг Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулж байгаа ч хүний эрүүл мэнд, бие махбодид учирсан хохирлыг арилгах, ялангуяа тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна. Хүүхдийн эрхийн тухай буюу суурь хуульд ерөнхийдөө хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талуудын үндсэн үүрэг, тэдний хоорондын харилцан хамаарлыг тодорхой болгож өгсөн.

odontuya-Эрүүгийн хуульд шинээр хүүхэдтэй холбоотой заалтууд ч орж ирсэн байсан. Бусад хуулиудад хүүхэдтэй холбоотой заалтуудыг нарийвчлан оруулсан уу?

-Эрүүгийн хуульд гэхэд хүүхдээр гуйлга гуйлгуулах, хүүхдээ хаях, төөрүүлэх, үл хайхрах, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэгт эцэг эх, асран хамгаалагч, хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэг болж байгаа. Тус хуульд хүүхэдтэй холбоотой 12 заалт орсон. Бусад хуулиудтайгаа уялдуулж гаргаж байгаагаараа онцлог юм.

-Хүүхдийн тухай яригдаж буй учраас иргэдийн зүгээс онцгой ач холбогдол өгч байгаа. Хуулийн төсөлд иргэдийн саналыг авсан уу?

-Хэлэлцүүлгийг улс орон даяар явуулж, иргэдийн саналыг оруулсан. Ялангуяа тус саналд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн хариуцлагыг чангатга гэдэг асуудал маш ихээр ирсэн. Иймээс улсын статустай хүүхдийн байцаагч нарыг бий болгохоор судалж байна. Нийгмийн ажилтнууд болон хүүхдүүдээс ирсэн санал санаачлагууд дунд энэ асуудал нэлээд түлхүү тусгагдсан байсан. Үнэндээ мэргэжлийн хяналтын байгууллагууд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт хяналт тавьж, дүгнэлт гаргадаг хэрнээ энэ нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хүн, тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг, дүгнэдэг улсын байцаагч гэж манайд байхгүй. Хүний хөгжлийг тэргүүн шугамд авч үзэх улсын хувьд энэ бол байж боломгүй зүйл. Тиймээс хүүхдийн эрхийн зөрчлийг газар дээр нь шууд шийдвэрлэчихдэг, мэргэжлийн үүднээс шуурхай арга хэмжээ авчихдаг, эсвэл хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг бусад байгууллагуудтай холбож өгөх эрх бүхий улсын байцаагч нар хэрэгтэй байгаа. Мэдээж улсын байцаагчийн эрхтэй учраас төрийн албан тушаалтан байх ёстой. Гэхдээ бүх нийгмийн ажилтанд ийм эрх олгохгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг сонгож шалгаруулах юм.

-Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдээс ирсэн саналын дагуу судлаад үзэхэд хүүхдүүд гадаад явах тохиолдол маш их болсон. Хүүхэд эцэг эхтэйгээ явж байгаа тохиолдолд асуудалгүй. Харин эцэг эхээс нь өөр хүн дагуулж хил гарах тохиолдолд түүний цаана юу байна вэ гэдэг хяналтыг сайжруулж байгаа юм. Хүүхдийг хилээр гарах үед бүртгэж аваад, хуулийн байгууллагуудад мэдээллэх юм. Хүүхэд буцаж хилээр орж ирсэн үү үгүй юу, хэрвээ гадаадад үлдсэн бол ямар зөвшөөрлөөр, хэнтэй, хаана үлдсэн бэ гэдгийг тодорхой болгоно. Хилээр гараад явсан монгол хүүхэд бүрт анхаарал хандуулна гэсэн үг.

-Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц тэмцээн уралдааныг хориглоно гэсэн заалт байсан. Өвлийн морин уралдаанаар маш олон хүүхэд унаж бэртлээ. Ямар тэмцээн уралдааныг хориглох вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн үү?

-Уг хууль нь 20 жилийн хугацаанд үйлчлэх учир цаашид шинэ уралдаан тэмцээн ч гарч болзошгүй юм. Хууль батлагдсан учраас холбогдох яамд журам гаргах ёстой. Хөдөлмөрийн яамнаас гэхэд өвлийн морин уралдаан хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэж, журам гаргачихсан. Мөн барилгын салбарт хүүхэд ажиллаж болохгүй гэх жишээтэй. Тэгэхээр салбар яамдын зүгээс хүүхэдтэй холбоотой журмуудыг гаргах хэрэгтэй юм. Энгийн жишээ л гэхэд хөдөө аймаг, сумдад өвлийн цагт олимпиадууд зохиогддог. Хүүхдүүд өвлийн хүйтэнд, хүнд нөхцөл байдалд хол зам туулж олимпиадад оролцдог явдлыг ч мөн бидний зүгээс дэмжихгүй байгаа.

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс батлуулахаар яригдаж байгаа өөр ямар хуулийн төслүүд хүлээгдэж байгаа вэ?

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс ойрын хугацаанд батлуулах шаардлагатай Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль байгаа. Энэ хуулиудаа хаврын чуулганаар батлуулахаар зорьж байна. Нийгмийн эмзэг сэдэв болсон асуудлыг эмэгтэй гишүүдийн зүгээс барьж авч байгаа учраас батлуулахын төлөө хичээх болно. Мөн Эмэгтэйчүүдийн эрхийн тухай хуулийг ч гэсэн цаашид хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29807
0 эможи
keyboard_arrow_up