Б.Гарамгайбаатар гишүүн Норовлин суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Норовлин суманд ажиллалаа. Иргэдтэй уулзсан уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар болон аймгийн удирдлагууд сонирхсон асуултад хариулт өгч, зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна. Мөн бичгээр ирүүлсэн санал хүсэлтийн хариултыг эргэж явуулна гэдгээ мэдэгджээ. Мөн иргэдээс Архигүй Хэнтийчүүд хөтөлбөрт хамрагдаж архинаас гарсан олон залуучууд байгаа хэдий ч тэдэнд ажлын байх хүрэлцээгүй байна. Тиймээс эдгээр залуусыг БНСУ-д ажиллуулах санал гарч байв. Үүний хариуд Б.Гарамгайбаатар гишүүн сум орон нутагт ажилгүйдэл байгаа гэдгийг мэдэж байгаа. Ажилгүйдлийг арилгахад хувь хүний хичээл чармайлт ихээхэн чухал нөлөөтэй. Түүнээс гадна сум орон нутгийн удирдлагууд ажилгүй, мэргэжилгүй иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулж мэргэжил эзэмшүүлэх гэх мэтээр ажилтай болгох боломжууд бий гэдгийг санууллаа. Нөгөө талаас гадаад руу гарч ажиллая гэдэг сэтгэлгээгээ одоо халах цаг болсон гэдгийг ч хэлж байсан юм. Учир нь төрийн албан хаагч 600 мянган төгрөгийн цалинтай байна гээд чамлахын оронд улсынхаа төсвийн нөхцөл байдалтай тохируулж ажлын байр бий болгох, эх орноо хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой хэмээлээ.