УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллаж байна

2016 оны 3 сарын 07

Намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд гишүүд тус бүрийнхээ тойрогтоо ажиллаж байна. Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, парламентийн гишүүн болсон УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн баасан гарагт дүүргийнхээ XV хорооны иргэдтэй уулзаж, чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

 

Өөрөөр хэлбэл, намрын чуулганаас баталсан зарим хуулийн талаар тодорхой мэдээлэл өгч, цаашид тойрогтоо авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр болон ажлынхаа тухай тайлангаа тавив. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Бид энэ удаагийн УИХ-ын чуулганаар маш их ачаалалтай ажиллаж, олон ч чухал асуудлыг хэлэлцэн баталлаа.

Өмнөх чуулгануудаас онцлогтой нь олон том хуулийг баталж, түүнийг дагаж мөрдөх журмыг гаргасан байна. Ингэхдээ бид эрх зүйн салбарын шинэчлэлд ихээхэн анхаарсан гэж ойлгож болно. Тиймдээ ч бие даасан 26 том хуулийг хэлэлцэж, баталсан. Үүний дотор онцгойлон авч үзэх ёстой нэг хууль бий.

Энэ бол Эрүүгийн тухай хуулийг шинэчилсэн явдал юм. Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр хуулийн хүн биш ч гэсэн мащ идэвхтэй оролцсон. Үүнээс гадна Монгол Улсын эрүүгийн хуулийн шинэчлэл гэдэг нь хүний эрх талаасаа асар их ач холбогдолтой. Үнэхээр гадаад орны хамгийн сайн туршлагыг хуулбарлаж, маш сайн хуулийг баталсан гэж бодож байна” хэмээн онцолсон юм.

Гишүүний өгч буй мэдээллээр бол өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хассанаар өөр төрлийн хэргүүдийг бөөнөөр нь нэг уутанд чихэн ижил ял оноодог хуулийн гажуудлаас гарч, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрджээ. Мөн ялын шинэ төрлүүдийг бий болгож, хорих ялын доод хэмжээг бууруулснаар өмнөх хуулийн “шоронжсон” байдлаас татгалзаж, яллагдагчийн засрал хүмүүжлээс шалтгаалан ялын хэмжээг уян хатан байлгахаар зохицуулсан байна.

Тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан бол нэгудаа ял, хариуцлагаас чөлөөлөх, эрх чөлөөг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл тэнсэх ял шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бол ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ялаар солих боломжтой болсон аж.

Гэвч энэ нь өмнөх хуульд байсан “давтан гэмт хэрэг”-тэй холбоогүй бөгөөд “Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй" гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халсан бөгөөд хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болжээ. Л.Болд гишүүнийг мэдээлэл өгсний дараа иргэд хороондоо тулгамдаж буй асуудлыг сөхөж, харилцан санал солилцлоо. Өөрөөр хэлбэл, иргэдийн зүгээс газар өмчлөл, зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаанд шийдвэрлэх шаардлагатай зүйл их байгааг дуулгаад газар өмчилж буй иргэдийг ямар шат дамжин сонгодог тухай тодорхой мэдээлэл хүссэн юм.

Түүнчлэн зам талбайгаар зорчиход бэрхшээлтэй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжгүй байдгийг ч сануулсан бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдаас хураамж авдаг ч хариуцсан ажлаа хийхгүй байгаа зэргийг уламжлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29748
0 эможи
keyboard_arrow_up