“АСЕМ-ын Мэдээллийн төв” нээгдэж, сэтгүүлчид Санамж бичиг байгууллаа

2016 оны 3 сарын 02

Италийн Милан хотноо 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд АСЕМ-ийн 10 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт болж, түүгээр дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

 

Уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сарын 15-16-нд АСЕМ-ийн дээд түвшний уулзалт болох гэж байна. Тус дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой АСЕМ-ын Мэдээллийн төвийг нээх ёслол өнөөдөр МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болов.

Гуравдугаар сарын 1 буюу “АСЕМ-ийн өдөр”-ийг тохиолдуулан нээж буй энэхүү мэдээллийн төв нь АСЕМ-ийн үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд АСЕМ-тай холбоотой сургалт семинар, хэвлэлийн бага хурал зохиох зэргээр хамтарч ажиллах юм.

Мөн АСЕМ-ийн дээд түвшний хурлыг сурвалжлах дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг  тухайн арга хэмжээний үеэр “Шангри Ла” зочид буудалд байгуулахаар болжээ.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “АСЕМ-ийн Мэдээллийн төв”-ийг нээж хэлсэн үгэндээ “АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсны дараа ҮАБЗ-өөс зөвлөмж гарч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Үндэсний хороо ажиллаж эхэлсэн. Үндэсний хорооны дор 6 дэд хороо ажиллаж байна. АСЕМ-ийн бэлтгэл ажил үндсэндээ жигдрээд явж байна. АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хангахад оролцож байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Монгол Улсад өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн гол холбоодын төлөөлөл энэ нээлтэд хүрэлцэн ирээд байна. Хамтын ажиллагааны баримт бичиг байгуулаад явж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад мөн талархал илэрхийлье.

АСЕМ-ийн хурлыг зохион байгуулснаар Монгол Улс өөрийгөө таниулах ховорхон боломж олдож байгаа гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн хүрэлцэн ирж оролцоно гэсэн батламжаа өгөөд байна. Энэ тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна.

АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт зөвхөн 7 дугаар сарын 15-16-нд болохоос гадна түүнээс өмнө 8-9 арга хэмжээ болно. Хамгийн анхных нь ирэх 4 дүгээр сарын 21-22-нд АСЕМ-ийн гишүүн орнуудын Парламентын чуулга уулзалт Улаанбаатарт болно. Үргэлжлүүлээд Сангийн сайд нарын, залуучуудын, фермерүүдийн, хөдөө аж ахуйн зэрэг олон чуулга уулзалтууд болно. Дэлхийн 51 орны төр, засгийн төлөөлөл, хэвлэл, мэдээллийнхэн, бизнесийнхэн гээд маш олон хүн ирж Монголтой танилцана. Нийтдээ 4 дүгээр сараас эхлээд 7 дугаар сарын дунд хүртэл цуврал 10 гаруй арга хэмжээнд 5000 гаруй хүн ирнэ гэсэн тооцоо байна. Тэдний дотор 1000 гаруй сэтгүүлч АСЕМ-ийг сурвалжлахаар Монголд ирнэ. Тэдний нүдээр Монголыг гадаадад сурталчилж таниулна гэдэг нь бидэнд олдож байгаа маш сайхан боломж юм.

Өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл ажилд зориулж мэдээллийн төв нээж байна. Энэ төв МОНЦАМЭ агентлаг дээр тогтмол ажиллах болно. Дээд хэмжээний уулзалтын үеэр 7 дугаар сарын 15-16-нд “Шангри Ла” зочид буудалд үндсэн хуралдаан болно. Энэ хуралдааны байранд гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан Хэвлэлийн төв ажиллана. МОНЦАМЭ агентлаг дээрх Мэдээллийн төвөөс дотоодын сэтгүүлчид, АСЕМ-ийн өмнөх арга хэмжээнүүдэд оролцох гадаадын сэтгүүлчид хангалттай мэдээлэл авах болно.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ийн гишүүн орнууд “АСЕМ-ийн өдөр” хэмээн тэмдэглэж байгаа. Энэ өдрийг энэ жилээс анх удаа тэмдэглэж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Люксембургт болсон АСЕМ-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлаас АСЕМ-ийн ач холбогдол, түүх, чиглэл, зорилгыг олон нийтэд сайтар таниулах зорилгоор АСЕМ-ийн гишүүн орнуудын хүрээнд гуравдугаар сарын 1-нийг  “АСЕМ-ийн өдөр” болгон тэмдэглэе гэж шийдвэрлэсэн. Яагаад гуравдугаар сарын 1-нийг сонгосон бэ гэвэл 20 жилийн өмнө АСЕМ-ийн анхны дээд хэмжээний уулзалт энэ өдөр болсон байдаг. Тиймээс “АСЕМ-ийн өдөр”-ийг 20 жилийн ойтой нь холбогдуулан тэмдэглэж байгаа юм. Энэ жил АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаас гадна 20 жилийн ой тохиож байна. Үүгээрээ Монголд болох АСЕМ-ийн уулзалт өндөр ач холбогдолтой, мөн олон нийтийн анхаарал хандсан үйл явдлууд болно.

Ингээд сэтгүүлчид та бүхнийг АСЕМ-ийн талаарх мэдээллээр хангах Мэдээллийн төвийг нээснийг мэдэгдье. Энэ төвийг нээхэд хамтран ажилласан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд, тэдгээрийг нэгтгэдэг гол холбоодын төлөөлөлд талархсанаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин илэрхийлье. Баярлалаа” гэлээ.

Үүний дараа АСЕМ-ийн Бэлтгэл ажлын алба /БАА/ болон сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодын хооронд Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Уг Санамж бичиг нь АСЕМ-ийн уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж,  дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан хамтарч ажиллахаа бататгасан агуулгатай юм.

Санамж бичигт АСЕМ-ийн БАА-ыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн БАА-ны дарга Д.Ганхуяг, сэтгүүлчдийг төлөөлж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Б.Ганболд, Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул нар тус тус гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Энэ төв гадаадын олон улсын Мэдээллийн төвүүдээс ямар ялгаа, онцлогтой вэ?

- Дээд хэмжээний уулзалтын үеэр 7 дугаар сарын 15-16-нд “Шангри Ла” зочид буудалд ажиллах Мэдээлийн төв нь олон улсын Мэдээллийн төвүүдийн стандартын дагуу ажиллана. 1000 гаруй сэтгүүлчид үйлчлэх хүчин чадалтай төв байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг тэр ажлыг хариуцаад бэлтгэлийг хангаад явж байна. Тэр төвийг байгуулах хүртэл МОНЦАМЭ дээрх Мэдээллийн төв тогтмол өдөр, цагт бүх талын мэдээллээр хангаж ажиллана.

-Өмнө нь АСЕМ зохион байгуулсан орнууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрийн оронд татаж чадсан гэсэн. АСЕМ-ийн үеэр Монголд хөрөнгө татах гэрээ, хэлэлцээрүүд байгуулах уу?

- Нэгд, АСЕМ-ийн өмнө, 7 дугаар сарын 13-14-нд АСЕМ-ийн бизнесийн форум болно. АСЕМ-ийн гишүүн 51 орны хамгийн том бизнесмэнүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараа дагаж ирнэ. Энэ нь том бизнесмэнүүд Монголд уулзах, Монголын зах зээлийг сонирхох том боломж олгож байгаа. Үүнд Монголын бизнесийнхэн оролцоно. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг бэлтгэж байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим, эздийн холбоод үүнд оролцож бэлтгэл хангаж байна.  

Хоёрдугаарт, ирэх 4 дүгээр сарын 20-ноос эхлээд 7 дугаар сарын сарын дунд хүртэл 10 арга хэмжээнд нийтдээ 5000 илүү хүн оролцоно гэж дээр хэлсэн. Тэд Монголтой танилцахаас гадна МИАТ-ын онгоцоор ирэх, зочид будалд байрлах зэргээр тодорхой хэмжээгээр Монгол руу хөрөнгө чиглүүлнэ.

АСЕМ бол том хурал. Дэлхийн 51 орны төр, засгийн тэргүүн, олон улсын 2 байгууллагын 53 гишүүнчлэлтэй томоохон хэмжээний хурал юм. Түүнийг амжилттай зохион байгуулснаар цаашид олон улсын хурал, зөвлөгөөн, арга хэмжээнүүдийг хүлээн авдаг том бүтэцтэй, олон улсын хэмжээний нэр хүндтэй болно.

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр АСЕМ-ийн дараа, 2016-2018 онд Монголд хүлээж авах боломжтой олон улсын хурал, зөвлөгөөн, спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүдийн жагсаалтыг баталсан. Энэ дагуу ГХЯ, бусад салбарын яамд, холбоод нэрээ дэвшүүлж ажиллана. Олон улсын хурал, зөвлөгөөнийг жил тойрон авах боломжтой болсноороо аялал жуулчлалын салбар, зочид буудал, ресторан, урлаг соёлын салбарт хөрөнгө татаж чадах ийм боломж нээж байгаа том арга хэмжээ гэж үзэж байгаа.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломж хэр байгаа вэ?

-Үүн дээр хувийн хэвшлийнхэн ихээхэн санаачлагатай ажиллаж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр “АСЕМ экспо” гэсэн дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлж болох барааны үзэсгэлэнг гаргасан. Зочид буудлын өрөөнд тавих саван, шампуниас эхлээд бүх л зүйлийг Монголдоо үйлдвэрлэнэ. Эдийн засгийн хямралтай үед дотоодын үйлдвэрлэлдээ орлого олох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ирсэн зочдод таниулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна.

Дээд хэмжээний уулзалт, бизнесийн уулзалтын үеэр Монголд үйлдвэрлэсэн “АСЕМ экспо” барааны үзэсгэлэнг тусгай павильон байдлаар гаргана.

-Бизнесийнхэн үүнд оролцох шалгуур ямар байх вэ?

-Монголд болж байгаа учраас Бизнесийн чуулга уулзалтад бид давуу эрхтэй оролцоно. Монголын бизнесмэнүүд түлхүү оролцоно. Төр, засаг гэхээсээ илүү бизнесийн холбоод бие даан шалгуураа тогтоож гишүүдээ өргөнөөр хамруулах талаар ажиллаж байгаа. Үүнээс өмнө, 3 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс бизнесийн холбоодтой АСЕМ-ийн талаар, тэр үеэр гарах бизнесийн боломжийн талаар уулзалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын дэргэдэх Бизнесийн зөвлөлийн хурлаар АСЕМ-ийн боломжийн талаар бизнесмэнүүдэд мэдээлэл өгсөн.

-Сошиал медиагаар АСЕМ-ийн үеэр иргэдийг хотоос гаргана гэсэн мэдээлэл явсан. Энэ талын мэдээллийг иргэдэд зөв өгөхгүй бол мушгин гуйвуулсан сөрөг мэдээллүүд гарч болно. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ талаар хэрхэн хамтран ажиллах вэ?

-Дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдал зэрэг олон асуудал гарна. Хэвлэл мэдээлллийн байгууллагуд хэрхэн ажиллах талаар А.Ганбаатар зөвлөхийн ахалсан ажлын хэсэг дүрэм, журам боловсруулж байгаа. Тухайн үед та бүхэнд мэдээлэл өгнө.

АСЕМ-ийн үеэр Улаанбаатараас иргэдийг гаргана гэдэг бол буруу ташаа мэдээлэл байсан. Наадмын дараа амралтын улирал эхэлдэг. Аймгуудын наадам болно. Иргэд амраад зарим нь Хөвсгөл далай, говь гээд явах байх. Нийслэлийн иргэд зусландаа гарна. Энэ өдрүүдэд хотын ойролцоо наадам, томоохон урлагийн арга хэмжээ, залуучуудад зориулсан шоу зохион байгуулахаар төлөвлөж байна. Сошиалаар гарч байга шиг иргэдээ хөөсөн үйл ажиллагаа явуулахгүй.

Гадаадын хэдэн сая иргэнтэй зарим хотууд олон улсын том арга хэмжээний үеэр нэг ч хүнгүй юм шиг иргэдээ тусгаарлаад, хашаа барьсан байдаг. Бид тийм зүйл хийхгүй. Бид ардчилсан Монгол гэдгээ үзүүлнэ. Тэр утгаараа 7 дугаар сарын 15-ны өдөр Чингисийн талбай дээр АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг албан ёсоор тэмдэглэнэ. Иргэдээ аль болох чөлөөтэй оролцуулна.  

Гэхдээ олон улсын байдал тийм ч тайван бус байгаа өнөө үед Монголын төр, засаг ирж байгаа зочдынхоо аюулгүй байдлыг олон улсын стандарт, хүчин зүйлийн дагуу хамгаална. Нөгөө талаас иргэдээ арга хэмжээнүүдэд аль болох чөлөөтэй оролцуулах бодлого баримтална гэлээ.

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29534
0 эможи
keyboard_arrow_up