Эмэгтэйчүүд манлайлж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Байгальмаа нар Баянхонгор аймаг дахь АЭХ-ны гишүүдтэй уулзалт хийлээ.
Тус аймгийн тухайд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд нэлээд идэвхтэй оролцож байгаа юм байна. Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд олноороо сонгогдсоноор гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад түлхүү анхаарал хандуулж, эрүүл мэнд, боловсролын салбарыг шинэчлэх чиглэлээр олон хууль санаачлан идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг Баянхонгорын бүсгүйчүүд сайшааж байлаа. Ардчилсан нам улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхийн тулд сонгуульд оролцож буй нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахдаа аль нэг хүйснь 30 хувиас багагүй байх шаардлагыг Сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Иймд эмэгтэйчүүд энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг С.Одонтуяа хэлж байлаа.
Уулзалтын үеэр эмэгтэйчүүд ипотекийн зээлийн хүүг бууруулах гэж байгааг талархан хүлээн авч, олон хүүхэдтэй, орлого багатай эмэгтэйчүүд орон сууц зээлээр худалдан авахад урьдчилгаа мөнгийг нь бүрдүүлэх амаргүй байгааг онцлон энэ талаар тусгайлсан бодлого гаргахыг эрхэм гишүүнээс хүсэв. АН-ын гишүүд энэ талаар тодорхой саналууд боловсруулж, УИХ-ын дарга болон Засгийн газарт уламжлаад байгааг С.Одонтуяа гишүүн хэллээ. Тухайлбал, алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд орон сууц худалдан авахад улсаас нэг удаа тодорхой хэмжээний буцалтгүй тусламж олгох саналыг холбогдох газрууд нааштай хүлээн авч, судлахаа илэрхийлсэн байна. Улсын хэмжээнд нийт 240 мянга гаруй алдарт эх бүртгэгдсэн бөгөөд үүнээс 40 мянга орчим нь нэгдүгээр зэргийн одонтой аж.