"МоАН санаачилга"-ын ерөнхийлөгчөөр Л.Болдыг сонгов

2016 оны 2 сарын 22
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлсийг тодорхойлон томъёолж, намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байсан.
 
Олныг хамарч, цөөнгүй хүний дэмжлэг авч байсан уг үйл ажиллагаа нь “МоАН санаачилга” нэртэй бие даасан байгууллага болон бэхэжлээ. Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орны аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө санаа нэгдэж, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог 100 хүн “МоАН санаачилга” нэрийн дор нэгдэн, өнгөрсөн баасан гаригт анхны хурлаа хийжээ. Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж, удирдлагуудаа сонгосон байна.
 
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр, түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Удирдах зөвлөл нь хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүн багтжээ.
 
МоАН-ын үүсгэн байгуулагчид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх замаар шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаарддагатай цагт тэмцэж, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээн цаашдын үйл ажиллагааныхаа чиг шугамыг тодорхойлж байв. Хурлаас гаргасан тунхаглалд “Ардчилал нь нийгмийн тогтолцоо гэдэгутгаараа шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл билээ. Ардчиллын үнэт зүйлсийг цаг үргэлж мэдэрч, түүнийг ил тодоор хамгаалж, үндсэн сэдвийг туслах явдлаас зааглаж чаддаг байх нь өдгөө онц чухал байна. “МоАН санаачилга”-ыг үүсгэн байгуулагчид бид Монголын ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалж улам бүр баяжуулсаар байхаа тунхаглан зарлаж байна” гээд Монголын ардчиллын үнэт зүйлсийг 10 зарчмаар тодорхойлжээ.
 
Тус байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх юм. Гэсэн ч гишүүд нь үзэл боддоороо нэгдэн, тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрэмдээ тусгаснаас үвэл МоАН буюу Монголын ардчиллын нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүчин бий болж болох юм гэж ажиглагчид үзэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29143
0 эможи
keyboard_arrow_up