Б.Батзаяаг батлан даалтад гарсныг нууцлав
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зайсангийн хориход саатуулан шалгаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Батзаяа болон БНСУ-ын иргэн иргэн “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өнгөрсөн батлан даалтад гаргажээ.
Энэ талаар Б.Батзаяагийн өмгөөлөгчөөс тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй харин БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өмгөөлөгч “Суллагдсан нь үнэн. Өнгөрсөн баасан гаригт суллагдсан. Гэвч прокурор эсэргүүцэж мэдэх юм гэсэн болгоомжлол байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж, Б.Батзаяаг дахин хориулчих вий гэсэн айдас ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгчид байгаа бололтой.
Б.Батзаяа болон Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёл нарыг хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн бөгөөд дараа нь яллагдагчаар татсан байдаг. Саатуулагдаж байх үедээ Б.Батзаяагийн бие муудан, хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж амиа хорлох шахсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэрбээр тус ажлыг гүйцэтгэхээр бусдаас их хэмжээний зээл авсан бөгөөд ажлаа гүйцэтгэсэн ч санхүүжилтыг Б.Батзаяа нарын хүмүүс өгөөгүй учраас их хэмжээний өрөнд орж, гэрээслэл бичээд амиа егүүтгэхийг оролдож байжээ.