Элчин сайдаар хэн хэн томилогдов?

2016 оны 1 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар Д.Ганхуягийг /94.5 хувийн саналаар/, БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг/94.5 хувийн саналаар/, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг/92.9 хувийн саналаар/, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж /96.4 хувийн саналаар/ нарыг тус тус томилж, Ц.Сүхбаатар, М.Ганболд, Т.Ганди, Ш.Одонбаатар нарыг чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд: Дипломат алба гэдэг тухайн улсад сургууль төгссөн ч юм уу, хэлийг нь гадарлах хүн томилогддог юм биш. Мэргэжлийн хүн томилогддог. Сүүлийн үеийн мэдээллээр хэл усгүй хүн дипломат албаны ажилд томилогдсон байна гэх юм. Олон улсын харилцааны чиглэлээр гадаадад суралцаж, мэргэшсэн залуус олон бий. Гэтэл тэдэнд ажил олддоггүй, томилгоо нь улс төрийн шинж чанартай болчихоод байна. Одоо томилогдох хүмүүстэй юу ярих билээ. Олон зарчим алдагдаж байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Таны зөв өө, энэ бол төрийн тусгай алба. Диломат алба бол суугаа орны хэлийг мэдэхээс гадна нарийн мэргэжил байдаг. Намын ямар нэг юм байх ёсгүй. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт тавигддаг. Гадаад хэргийн сайдаар томилогдоод ийм зарчим барьж ажилласан. Сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан байсан, суугаа орны хэлийг мэддэггүй хүмүүс бий. Тийм учраас ирж шалгалтад ор гэсэн. Элчин сайдын яаманд ажиллах журмыг батлаад шаардлага тавьсан. Төрийн тусгай албаныхаа тангаргыг өргөөгүй шаардлага хангаагүй хүмүүсийг шалгалтад ор гэсэн. Зарим нь шалгалтдаа ороогүй, өвөл цагаар дуудалтай биш гээд сунгасан. Би өөрөө ч гэсэн энэ чиглэлийн мэргэжлийн хүний хувьд цаашдаа ч ийм зарчим барина.

УИХ-ын гишүүн С.Оюун: Улс төр оруулахгүйгээр мэргэжлийн шалгуураар хандаж дипломатуудыг тавьж байна гэлээ. Сан-Францискод Ерөнхий консулаар томилогдсон Машбат гэж чадалтай залуу байгаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр оронд нь шинэ хүн томилчих юм. Томилогдоод маргааш нь явах гэтэл ийм зүйл болсон?

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Машбатыг томилох шийдвэр байдаг. Гэхдээ Засгийн газрын кабинетын хэмжээнд шийддэг асуудал. Явуулах боломжгүй олон шалтгаан байгаа гэдгийг өөрт нь ойлгуулсан. Тэр газрыг удаан хугацаагаар хүн томилохгүй байж болохгүй байсан учраас өөр хүн томилсон.

УИХ-ын гишүүн С.Оюун: Үндэслэл сонсогдсонгүй. Засгийн газрын шийдвэр, кабинетаар ярьсан юм бол тэрийг нь харъя. Үндэслэл байвал протколтой нь танилцая.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: АСЕМ-ыг хариуцсан Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Элчин сайдаар томилчихоор яах вэ. АСЕМ бол чухал олон улсын хурал?

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг: АСЕМ-ын уулзалт Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөх чухал арга хэмжээ. Олон улсын Венийн конвенцийн дагуу Элчин сайдаар томилогдоход тодорхой хугацаатай байдаг. Дээр нь бэлтгэл хангах ёстой. Энэ бүх хугацааг хөөгөөд үзвэл явах хугацаа 8 сар орчим болно. АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахын төлөө хүчин зүтгэнэ. Ажлаа дуусгана.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Унгарт Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажилласан Т.Ганди маш сайн ажилласан. Хоёр орны харилцааг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэж ажилласан. Хамгийн сүүлд Унгар улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлал хийхэд санаачлагатай ажилласан. Одоо оронд нь Унгар улсад суралцсан З.Батбаяр суух юм байна. Ажлыг нь үргэлжлүүлж сайн ажиллаарай.

Хятадад Элчин сайдаар томилогдох Д.Ганхуягт хандаж хэлэхэд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28405
0 эможи
keyboard_arrow_up