Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Герхард Тийдеманныг хүлээн авч уулзав

2016 оны 1 сарын 29

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ манай улсад “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийг 2013 оноос хэрэгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд бодит үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар сайдууд хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож,  ирэх хоёрдугаар сард дуусч байгаа “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийг үргэлжлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам Монгол Улсын хөдөлмөрийн салбар, тэр тусмаа мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаад  талархал илэрхийлсэн юм.

 “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл нь ХБНГУ-аас гадна Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны хөрөнгө оруулалттай хэрэгжиж байгаа нь төслийн үйл ажиллагааг олон чиглэлд хандуулж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт оруулах хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгийг нэгтгэн уялдаа холбоог хангахад сайн үр дүнтэйг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэмдэглээд “Монгол Улс “Дэлхийн ур чадвар” ОУБ-д гишүүнээр элсэн 2015 онд Бразилд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд есөн мэргэжлээр амжилттай оролцсон нь мөн төслийн үйл ажиллагааны үр дүн юм” хэмээгээд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааны менежмент, чанарыг сайжруулан загвар сургуулийг бий болгох ач холбогдолтой учраас цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

Элчин сайд Герхард Тийдеманн Германд дээд боловсрол гэхээсээ илүүтэй мэргэжлийн боловсрол нь нийгэм эдийн засаг, хөдөлмөрийн салбарт хамгийн найдвартай бүтээн байгуулагч байдаг хэмээн үздэг гэдгийг онцлоод Хөдөлмөрийн сайдын санал болгосноор   “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны төлөвлөлт зэрэгт бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ мөн тодотгосон. 

Уг төсөл Дархан-Уул аймаг дахь Эрчим хүч, уул уурхайн Политехник коллеж, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын Политехник коллеж, Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь Политехник коллеж, Дорнод аймаг дахь Политехник коллежуудад хэрэгжиж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28401
0 эможи
keyboard_arrow_up