Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.
Хоёр Улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийснээс гадна Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхав.
Айлчлалын хүрээнд Засгийн газар хоорондын 5, хувийн хэвшил хоорондын 4 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурав. Түүнчлэн Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах оюутны тоог 200 болгож нэмэгдүүлэв.
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол, Унгарын бизнес уулзалт болж Монгол Улсын 200, Унгар Улсын 60 гаруй бизнес эрхлэгчид оролцож, төгсгөлд нь хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хувийн хэвшлийн хоёр компани хамтран ажиллах гэрээ байгуулав.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан ирсэн сайд нар мөн өнөөдөр үдээс өмнө холбогдох салбарын Монгол сайд нартай хоёр талын уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцацгаав.