З.Энхболд хэлсэндээ хүрлээ, одоо зээлийн хүү бууруулах уу
УИХ-ын дарга З.Энхболд хэлснээ хэрэгжүүлдэг эр юм. Тэрбээр өнгөрсөн сарын 25-нд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд оролцохдоо “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаас болоод яг одоо бидний дунд нь зогсож буй энэ цогцолбор хорооллын 1620 айл шинэ байрандаа орж чадсангүй. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үүн дээр Үндсэн хуулийн цэц, МАН-тай зохицоод хуулийн хуучин зүйл заалтыг өөрчлөөд байх шаардлага байхгүй гэж бодож байна. МАН-ын "НҮГЭЛ" гэж яриад байгаа найман хувийн зээлийн асуудлыг АН ард түмнээ орон сууцтай болгох, барилгын салбараа ажилтай байлгах, утаанаас салах хамгийн зөв зам гэж санаачилсан. Үндсэн хуулийн цэц бас болохгүй гэж үзээд зогсоосон. АН, УИХ дахь олонх, Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрчид энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. 2016 он гараад бүгд үүнийг шийдэж дуусгах учир эргэлзэх хэрэггүй. Та бүхэн 2016 оны өмнө шинэ байрандаа орж чадахгүй байж магад, гэхдээ цагаан сараа шинэ байрандаа тэмдэглэх болно гэдгийг баталж хэлье” гэсэн юм. Тэрбээр хэлсэндээ хүрч намынхаа гишүүдтэй хамт Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шуурхай дэгээр хэлэлцүүлж энэ сарын 19-нд баталсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр зогсчихоод байсан найман хувийн хүүтэй зээл сэргэж, иргэд байрандаа орж эхэлсэн юм.
“Буянт-Ухаа 2” хороололд нүүж орсон О.Гэрэлсайхан “Манайх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дарь-Эхэд 14 жил амьдарсан. Төрийн бодлогоор хямд үнэтэй орон сууцанд бага хүүтэй зээлээр орж байгаад баярлаж байна” гээд ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх, хүүг нь бууруулж таван хувь болгох тал дээр тууштай байхыг захьсан юм.
УИХ-ын дарга амласандаа хүрлээ, одоо зээлийн хүү бууруулахыг хүлээж байя